Э.Болормаа:Байгалийн баялаг ард түмний өмч тул иргэдээ сонсох хэрэгтэй

1 хүн ба нүдний шил нарын зураг байж магад

Э.Болормаа: Ховдод хийх ажил их. Нэн тэргүүнд “Хүн нэмэгдэж, хөдөө хөгжинө” зарчмаа барина

УИХ-ын 2024 оны сонгууль бүсчилсэн тойргоор явагдахтай холбогдуулан, бүс нутагт шийдлээ хүлээсэн ямар асуудлууд байгаа талаар тухайн бүсэд нэр дэвшихээр горилж буй кандидатуудтай цувралаар ярилцаж байна.

“Тойргийн шийдэл” контент энэ удаагийн дугаартаа Ховд аймгийн Засаг дарга Э.Болормааг урьж, ярилцлаа. Тэрбээр Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн хамарсан баруун бүсийн тойрогт нэр дэвшихээр гориж буй юм.

-Ховд аймгийн Засаг даргын ажлаа аваад хэр удав, та?

-2022 оны есдүгээр сарын 2-ны өдөр Ховд аймгийн Засаг даргаар томилогдож байлаа. Өглөө нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс батламжилсан тушаал гардсан. Тэгээд л ажилдаа орж, Ховд руу нисэж байсан юм байна.

-Таны аав А.Энхбат тухайн үед Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох тухай яригдаж байсан. Гэтэл та Ерөнхий сайдын ажлын албаны дарга байснаа Ховд руу явчихсан санаж байна. Тэр үед юу юу өрнөсөн юм бэ?

-Намайг Ерөнхий сайдын ажлын албаны даргаар ажилладаг байх үед манай аав төрийн нарийн бичгийн даргаар томилогдох тухай яригдсан. Энэ бол Ховд аймагтай нэрээ холбоогүй байх үе л дээ. Ерөнхий сайд өөрөө өндөр ёс зүй ярьдаг хүн. Хууль зүйн асуудлаас гадна ёс зүйг анхаардаг. Тиймдээ ч уг асуудлыг зохимжтой биш гэж үзсэн.

Миний аав 40 гаруй жил төрд ажилласан хүн. Бүх л Засгийн газар, аль ч намын үед байгаль орчны салбарт Ойн яам байхаас нь эхлээд ажилласан. ЗХУ-д уг чиглэлээр мэргэшиж, АНУ-д магистраа байгаль орчны чиглэлээр хамгаалсан мэргэжлийн боловсон хүчин. Миний бие Ховд аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойш аав минь гавьяаны амралтдаа гарсан.

-Таны томилгоотой холбоотойгоор уг шийдвэрийг гаргасан байх нь?

-Тийм. Гэр бүлийнхээ хүрээнд ярилцаж, хоёулаа төрийн албанд хамт зүтгээд хэрэггүй юм байна гэж үзсэн. Хэл ам дагуулахаар байсан юм. Би аавынхаа нөр их хөдөлмөр, өнгөрсөн бүхий л жилийнх нь хичээл зүтгэлийг надтай холбогдуулан, улс төржүүлж харлуулахыг харах харамсалтай санагдсан.

Би Ерөнхий сайдын ажлын албаны дарга хэмээх төрийн өндөр албан тушаал хашдаг байсан. Миний томилгоонд аавын нөлөө гэж зүйл байх боломжгүй шүү дээ. Тиймээс хэл ам дагуулах юм байна гэдэг үүднээс гэр бүлдээ ярилцаад “Төрд нэг нь л байя” гэдэг шийдэлд хүрсэн.

-Та 1992 оных, Ерөнхий сайдын ажлын алба гэх албан тушаалд ер нь яаж очсон юм бэ?

-Энэ асуултын хариултыг би сайн мэдэхгүй юм байна. Ерөнхий сайдаас асуух хэрэгтэй.

Ерөнхий сайдтай 2014-2015 оны үед АНУ-д магистрын оюутан байхдаа танилцаж байв. Тухайн үед би хөгжлийн бодлогын чиглэлээр суралцдаг байсан. Төгсөөд олон улсын байгууллагуудад 10 жил шахам ажилласан юм. Хөгжлийн бодлогын чиглэлээр ажиллаж байсан учраас залуусын төлөөлөл болгож Ерөнхий сайд надад санал тавьсан юм болов уу гэж би боддог.

Анх тэр санал надад ирэх үед би ямар өндөр албан тушаал вэ гэдгийг мэдээгүй. Албан тушаал нь надад сонин байгаагүй. Тэр үед би Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд анхны монгол үндсэн ажилтан болж, Бээжинд ажиллаж байсан.

Нэг өдөр “Монгол Улсын Ерөнхий сайд холбогдож байна. Та миний ажлын албаны дарга болооч” гэдэг дуудлага ирсэн. Ажлын анкет хүсэлтээ өөрөө эхэлж өгөлгүйгээр орж байсан анхны ажил маань Ерөнхий сайдын ажлын алба байв. Учир нь улс төрийн энэ орон тоо дэлхийн хаана ч анкет өгөхгүйгээр ордог ажил. Ерөнхий сайд өөрөө багаа бүрдүүлдэг гэж ойлгож болно. Тэр албан тушаалд очсоныхоо дараа маш өндөр хариуцлагатай ажил юм байна гэдгийг мэдсэн. Лоббидох, улс төрийн түвшинд хандах буруу. Илүү гүйцэтгэгч талаас нь харж, олон улсын туршлагатайгаа уялдуулах учиртай. Тэр зорилтдоо ч мөн хүрсэн болов уу гэж боддог.

-Байгалийн баялаг ард түмний өмч тул иргэдээ сонсох хэрэгтэй-

1 хүн ба нүдний шил нарын зураг байж магад


-Яг юу хий гэж Ховд аймгийн Засаг даргаар томилсон юм бэ?

-Ерөнхий сайдын ажлын албаны даргаар ажиллаж байхад миний бахархаж байсан нэг зүйл нь надад боломж олгож “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулах ажлын хэсгийг ахлах үүргийг өгсөн явдал. Энэ бодлогыг боловсруулахдаа том зургаар харсан. Хөгжлийг хязгаарлаад буй зүйлс юу вэ гэдэгт тулгуурласан. Бодлогоо боловсруулж, цаасан дээр буулгахад Ерөнхий сайд маань ажлын хэсгийн гаргасан мэргэжлийн дүгнэлтийн дагуу Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Улмаар 2021 оны арванхоёрдугаар сарын сүүлээр батлагдсан.

Үүнээс нэгийг нь онцолбол, хот хөдөөгийн сэргэлт байна. Монгол Улсын хөгжлийг хязгаарлаад буй зүйлийн нэг нь хот дахь төвлөрөл юм. Үүнээс болж асар их түгжрэл, хөрс, агаарын бохирдол үүсээд байна. Одоо хугарлын цэгтээ ирж, эргэх цаг болсон.

Хөгжлийн бодлогын чиглэлд олон улсын байгууллагууд аль болох хөрсөн дээрх хэрэгжилтэд анхаардаг. Дэлхийн банканд нэлээд өндөр түвшний гүйцэтгэх ажлын албанд ажиллаж байгаад бүс нутгийн ажил хийхээр болж, ногоон уур амьсгалын сан руу Ази номхон далайн бүсээ хариуцаж ажилласан. Түүнээсээ өөрийн улсынхаа хөрш орнуудын бодлогыг ойлгох ёстой гэдэгт төвлөрч, БНХАУ-д Азийн дэд бүтэц хөрөнгө оруулалтын банкны түншлэл хариуцсан мэргэжилтнээр ажилласан. Энэ нь дэлхийн банкны дайтай олон улсын байгууллага болгох зорилттой БНХАУ-ын Засгийн газраас байгуулсан олон улсын байгууллага байсан юм.

Шинэ сэргэлтийн бодлогоо боловсруулж байхад хөдөөгийн сэргэлтийн асуудал цаасан дээр царцсан асуудал болчих вий гэдэг айдастай болсон. Дөрөв, таван сарын турш бүх төрийн албаныхнаас ажлын хэсэгт оролцож, хувийн хэвшилтэйгээ хамтарч, хагас бүтэн сайнгүй нухаж байж боловсруулсан бодлого шүү дээ. Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх бодлого юм. Боловсруулсан хүний хамгийн том айдас тэр байсан.

-Очтол ямар нөхцөл байдал тоссон бэ?

-Ховд аймгийн Засаг даргаар ажиллах саналыг соргогоор хүлээж авсан. Дээрээс нь аав, өвөө, эмээгийнхээ нутгийг хөгжүүлэх боломж гарлаа гэж харсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацааг дүгнэхэд, өдөр болгон асар их зүйлийг нутгийн ард иргэд, хамт олноосоо сурсан. Маш ихийг хэрэгжүүлсэн. Бас их зүйл хийх боломжтойг ч олж харсан. Шинэ сэргэлтийн бодлогыг байгаа оносон гэж хардаг.

Улсын хөгжилд саад болоод байгаа зүйлийг саарал ордноос болон Ховд аймаг, хөдөө орон нутгийн өнцгөөс харах эрс тэс ялгаатай. Дээд шатнаас хийж байгаа зүйлс хөрсөн дээр хэрхэн бууж буйг ч бодитоор нь харж байгаа юм. Үүнээс цааш хийх зүйлс их бий.

-Ховд аймгийг эдийн засгийн бүтцээр нь хараад бусад баруун аймгуудтай холбон зайлшгүй шийдэх ёстой 3-5 асуудлыг нэрлэ гэвэл та юуг дурдах вэ?

-Ховд аймагт тулгамдаад байгаа асуудал бол ер нь хөдөө орон нутагт ч нийтлэг. Хөдөө орон нутгийг бүсчлэн хөгжүүлнэ гэдэг бол Монгол Улсын хувьд маш зөв бодлого болж байгаа. Хот хөдөөгийн сэргэлтийг ярьсан нь энэ ажлын хэсгийн нэг үр дүн мөн. Монгол Улс 2001 онд анх удаа бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа баталж байсан. Бодит байдал дээр хэрэгжээгүй.

Ховд аймгийн Засаг дарга нь давхар баруун бүсийн зөвлөлийн дарга гэдэг албан тушаалаар явдаг. Энэ нь нэр төдий л зүйл. Би тэгж бүсээр нь удирдаад, захираад байгаа гэж өөрийгөө хэлэхгүй. Бүсчилсэн хөгжлийг амилуулсан зүйл нь улс төрийн манлайлал шийдвэр буюу тойрогтой нь уях асуудал. Цаашлаад төсөвтэй нь уяж байна. Өмнө нь ганцхан аймгийг төлөөлж байгаа улс төрчдийн хэн нь илүү лоббитой гэдгээс шалтгаалж тус аймгийн хөгжил урагшилдаг байв. Хөрш зэргэлдээ аймгууд нь хөгжил, эдийн засгаараа хоцрох тал бий. Жишээлбэл, баруун бүс цөөнхөө хүндэтгээд Баян-Өлгийг дангаар нь тойрог болгосон. Үлдсэн дөрвөн аймаг нь томсгосон тойрог болж, 10 мандал гаргаж байгаа.

Сонгуулийн үр дүн ямар ч бай 10 мандатын эзэд бие биедээ хяналт тавина, шаардана. Говь-Алтай аймаг хоёрхон мандаттай байсан бол одоо их хуралд 10 хүнээр төлөөлүүлэх нь байна. Нэг аймгийн асуудлыг 10 хүн нэгдэн дуу хоолойгоо хүргэж, хүчээ чангатгах нь байна.

Би төсвийн хуваарилалт оновчтой биш байгаад асар шүүмжлэлтэй ханддаг. Нэг аймаг илүү өндөр төсөв цохууллаа гэж хэл ам болдог. Тэгвэл ийм жижиг жалганы юм томсгосон тойргоор яригдахгүй нь. Бүсээр нь ярих нь байна.

Ховд аймгийг бусадтай нь харьцуулаад харахад ДНБ-д үйлдвэржилтээрээ эзлэх хувь хамгийн өндөр буюу 30 гаруй хувьтай байдаг. Хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ өндөртөө ордог. Гэх мэтчилэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үйлдвэр, технологийн парк барихаар дэд бүтцээ шийдэж байгаа.

Ховдод хийчих юм сан гэсэн зүйл надад бол асар их байгаа. Нэн тэргүүнд “хүнтэй байж хөдөө хөгжинө” гэж үзэж байгаа. Тиймээс хөдөө рүү шилжилт хөдөлгөөнийг идэвхжүүлэх хэрэгтэй. Аль ч газраас хүмүүс амьдрахаар сонгоод ирдэг, ажил олгогчийг урих нь зүйтэй юм байна гэж үзэж байгаа. Залуусыг зориглоод л хөдөөг зорь гэж хэлмээр байна. Харамсахгүй байх гэдэгт итгэлтэй байна.

-Мөнгөний эргэлтийг хөдөө рүү чиглүүлье, ажлын байрыг нэмэгдүүлье гэхээр төрийнхний ерөнхий хандлагатай мөргөлддөг. Танил талаараа хэдхэн хүн тендер авдаг, зээлийн олдоц муу гэх мэтчилэн аж ахуйн зовлон ихтэй санагддаг?

-Энэ аж ахуйн зовлонгууд байдаг ч Улаанбаатараас харьцангуй бага гэж хэлнэ. Нийгэм гэнэт өнөөдөр шударга болно гэж байхгүй шүү дээ. Шударга ёсыг хадгалахын тулд бүгд тал талаасаа хяналт тавих хэрэгтэй.

Хөдөө орон нутагт асар олон боломжууд бий. Төрөөс хамааралгүй боломжууд ч бий. Ховд аймаг дээрээ жишээ авъя л даа. Манай аймгийг дамжин өнгөрөх БНХАУ-ОХУ-ыг холбосон AH4 автозам бий. Түүгээр олон улсын худалдаа хийх боломж байдаг. Энэ бол төртэй тийм ч хамааралтайгаар тендер, төсвийн хөрөнгө оруулалттай явах ажил огт биш. Хөдөө орон нутагт худалдан авах чадамж өндөр. Ресторан нээхэд ч зах зээл, орон зай нь байна. Зүгээр л залуус зориглоод хөдөөг зориосой гэж би хувьдаа хүсдэг юм.

-Баруун бүс сэргээгдэх эрчим хүчний асар их потенциалтай-

-Баруун аймгуудын автозам, эрчим хүчний тулгамдсан асуудал хэр зэрэг байна вэ?

-Баруун бүсийн хөгжлийн цаашдын замналд Эдийн засаг хөгжлийн яамнаас дүн шинжилгээ хийсэн. Үүгээр баруун бүс сэргээгдэх эрчим хүчний асар их потенциалтай гэсэн байдаг. Тэр хүрээнд Эрдэнэбүрэнгийн УЦС баригдахаар эхэлж байна. Энэ ажлын судалгаа 40, 50 жил үргэлжилж байгаа. Албан ёсоор энэ жил ажил нь эхэлнэ. Намайг томилогдож очиход гацсан байсан ажил шүү дээ.

Гацаа нь зөвхөн Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн иргэдийн эсэргүүцэл байв. Тиймээс үүнийг бодитоор хүлээн авч иргэдэд ойлгуулах, мэдүүлэх, ач холбогдлыг нь таниулах ажилд ихээр анхаарсан. Түүний үр дүнд иргэд маань нүүлгэн шилжүүлэх ажилд гарын үсгээ зурж, зөвшөөрсөн. Тиймээс энэ жилдээ бүтээн байгуулалтын ажилдаа орно.

-Газрын ховор элементийн асуудал баруун аймагт анхаарал татаж байна. Уул уурхайг олон нийтийн санаа бодолд нийцүүлж хийх ёстой юу эсвэл эдийн засгийн ерөнхий үр өгөөжөө бодоод урагш нь явуулах гэж зүтгэх ёстой юм байна уу? Та газар дээр нь ажилласан хүний хувьд ямар дүгнэлттэй болов.

-Үнэхээр чухал асуулт байна. Төрийн ордон дотроос харах газар дээр нь ажиллаад ойлгох хоёр эрс тэс ялгаатай. Энэ бол Монгол Улсын хөгжлийн гогцоо болсон асуудал мөн. Байгалийн баялгаа бид нар хэрхэн ашиглах вэ гэдэг нь өнгөрсөн 30 жилийн завхралтай шууд холбоотой. Үүнийг би биеэрээ мэдэрлээ шүү дээ. Намайг Ховд аймгийн Засаг даргаар очихтой зэрэгцээд газрын ховор элементийн хайгуулын ажил сэргээд эхэлсэн. Түүнийг янз бүрийн зорилгоор надтай холбож, харлуулж байгаа юм. Э.Болормаа ирээд “Халзан бүргэдэй”-г ухах нь гээд байсан. Тухайн үедээ Бүргэдэй гэдэг халзан хүний талаар ярилаа л гэж бодсон юм.

Миний анхнаасаа барьсан бодлого бол иргэдээ сонсох, ойлгох байсан. Одоо ч тийм. Айж эмээж, нууж хаагаад байх юм байхгүй. Яг газар дээр нь аливаа ажлыг эсэргүүцэж байгаа хүмүүстээ очиж тэднийг сонсдог. Тэгээд бүх ажлын хэсгийг нь цуглуулж, төр засагт хүсэлт тавьж, Үндэсний аюулгүй байдлын газраас ажлын хэсэг авч ирүүлээд Цөмийн энергийн комисс, УУХҮЯ, БОАЖЯ гээд хуулийн ямар заалтууд байгаа юм гэдгийг шалгуулсан. Хүмүүс эсэргүүцээд байхад яагаад санал нь тусгагдахгүй байгаа юм гэдэгт анхаарсан.

Үндсэн хуульд заасан эрхээрээ газрын доорх баялаг ард түмний өмч. Тиймээс иргэдийн дуу хоолой заавал тусах ёстой. Монгол Улсад хайгуулын ажил хийхдээ иргэдийн саналыг авах, сонсох шаардлагагүй байдаг. Тиймдээ ч аймгийн Засаг дарга ямар ч эрх мэдэлгүй. Ийм нөхцөлд би дээшээгээ бичиг явуулж, иргэдийн дуу хоолойг дамжуулахаас цаашгүй болдог. Аргаа бараад онц байдал үүслээ гэж Аймгийн онцгой комиссыг хуралдуулж зогсоож байсан удаатай. Монгол Улсын түүхэнд бусад аймгийн дарга ийм үйлдэл хийж байгаагүй байх. Гэхдээ тэр шийдвэр шүүх дээр унаж, хайгуулын ажил сэргэсэн. Тиймээс УИХ-ын гишүүдэд нам харгалзахгүй хандсан. Хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн саналын тусгахгүйгээр хайгуул явуулдгийг болиулаач, ялангуяа газрын ховор элементэд ийм өнгөц бүү хандаач гэж хүссэн. Уран дээр иргэдийн саналыг авдагтай адилхан авч үзэхийг хүссэн юм.

Иргэдийн эсэргүүцлийг яагаад бусдаас өөрөөр үзэх вэ гэвэл, миний ойлгосноор газрын ховор элемент тодорхой хэмжээнд цацраг идэвхт бодис ялгаруулдаг юм билээ. Дээрээс нь газрын ховор элемент нь стратегийн бүтээгдэхүүн байх ёстой. Дэлхий нийтэд Critical Minerals гэж нэрлээд технологийн хөгжлийн бүтээгдэхүүнийг хийхэд чухал элемент гэж газрын ховор элементийг үзэж байгаа. Тиймээс үүнд иргэдийн дуу хоолой шингэж, төрийн бодлого тодорхой болох учиртай.  

Уул уурхай бол улс орны хөгжлийн гогцоо асуудал. Тиймээс Засгийн газраас өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг иргэд нарийн ажиглаж, уншаасай. Бидний ирээдүйг тодорхойлох зүйл соргогоор харж хандаасай.

-Нийгмийн шилжилтийн 30 жилд парламентаас маш олон ерөнхий хууль баталлаа. Жижиг өнцгүүдээ хаяснаас болж олон асуудлыг орхисон харагддаг. Орон нутагт Засаг даргын эрх мэдлийн хүрээнд шийдэж болох асуудал хэр их байсан бэ?

-Хоёр талтай асуулж байна. Нийгмийн шилжилт үргэлжилсээр байна. 1990-ээд онд болоод дуусчихсан асуудал биш. Нийгмийн шилжилтэд социалист улс төрийн системээс ардчилал руу орсон. Нөгөө хэсэг нь төлөвлөгөөт эдийн засгаас капиталист руу орсон гэдэг хоёр хэсгийг салгаж бодох нь чухал. Төлөвлөгөөт эдийн засгаас капитализм руу орсон нь 3.5 сая хүн амтай Монгол Улсад хэр тохиромжтой вэ гэдгийг бодох хэрэгтэй.

Хүмүүсийн бухимдаад байгаа зүйл нь бүгд тэгш гараанаас эхлээгүйд байна. Үүнээс болж орлогын тэгш бус байдал байгаа учраас бухимдаад байна. Гэтэл үүнийг энэ бол чөлөөт зах зээл гээд байгаа юм. Энэ нь зөвхөн Монгол Улс тулгарсан асуудал биш. Хөгжингүй улсын туулж ирсэн замнал л.

Иргэдэд мөнгө олгохгүйгээр үйлдвэр барь гэдэг. Улс үйлдвэр барих ёстой юу, хувийн хэвшил барих ёстой юу. Хувийн хэвшил нэрээр улсаас мөнгө гаргуулж үйлдвэр барих сонирхолтой иргэд байдаг. Үүнд би хэлдэг юм. Энэ үйлдвэрийн ашгийг та авах байхад яагаад олны татвараар цугларсан мөнгийг танд өгөх юм бэ, ашиг нь танд очно шүү дээ гэдэг. Үүнийг орхихоор нөгөө үйлдвэр нь баригддаггүй. Хөдөө орон нутагт тийм хэмжээний зах зээл байхгүй.

Өнөөдөр манай санхүүгийн систем өндөр хүүтэй зээл аж ахуйн нэгжүүдэд олгодог. Ийм учраас үүнд төр оролцохоос өөр аргагүй болдог. Бидний эцсийн зорилго бол хөгжилд хүрч, үйлдвэржсэн орон болох юм. Түүхий эдээ байгаагаар нь гаргачхаад боловсруулсан бүтээгдэхүүн өөрсдөө авахгүйгээр үйлдвэржсэн хөгжсөн, хүний хөгжлөө дэмжсэн улс болохын тулд хувийн хэвшилдээ хаяж болохгүй юм билээ. Харин төр хувийн хэвшил хэрхэн хамтрах вэ гэдэгт анхаарах ёстой.

-Бүсчилсэн хөгжил дээр ямар зохион байгуулалт дутагдаж байгаа гэж харж байна вэ?

-Бүс хариуцсан нэгж, зохион байгуулалт байх ёстой. Тэгэхгүй бол бүгд өөрийн лоббигоо хийгээд явна. Бүсийн төсвийн хөрөнгө оруулалт, бодлогыг авч үзэхэд, Ховд аймгийн Засаг дарга Баруун бүсийн зонхиллын дарга байхаасаа илүүгээр аймгууд өөрсдөө Засгийн газартай уялдах нь зохистой болов уу. Үүнийг тооцоо судалгаатай, бодож байж хийх хэрэгтэй байх. Аль болох төрийн шинэ нэгж, бүтэц байгуулахыг зөв гэж боддоггүй. Манай төрийн алба данхар нь үнэн шүү дээ.

-УИХ-д нэр дэвших хүсэлтээ намдаа өгсөн үү?

-Одоогоор албан ёсны горилогчдын тоонд орсон.

-Намдаа хүсэлт өгсөн гэсэн үг үү?

-Намтайгаа зөвшилцөөд хүсэлт өгөхөөр болсон.

-Эрчүүдийн манлайлал өндөртэй бүс нутагт эмэгтэй хүн удирдагч хийгээд ажил явуулахад хэр байна вэ?

-Баруун аймгийг эцгийн эрхт ёс давамгайлсан гэж ярьдаг. Монгол эрчүүд эмэгтэйчүүдээ хүндэлж чаддаг. Жендерийн асуудал харин ч хэвийн түвшинд байдаг гэж улсаа боддог шүү. Үүнээс ч төвөгтэй газруудад ажиллаж байлаа. Эх нутаг, эмэгтэй хүнээ хүндэлж, шүтэж чаддаг ард түмэн бол Монголчууд мөн.

Тиймд, бүс дээрээ ярихаас илүү тоо статистик ярья. Төрийн үйлчилгээний албад 70 гаруй хувь нь эмэгтэй хүмүүс байдаг. Харин төрийн захиргаанд 50 хувь болж буурдаг. Улс төрийн шийдвэр гаргах түвшинд 10 гаруй хувь болоод багасчихдаг.

бичвэр-н график зураг байж магадгүй

Карьерын шатлалаар хүн ахиж дэвшээд явдаг. Гэтэл энэ шат нь Монголд эвдрэлтэй байна. Яагаад доод албад эмэгтэйчүүд ихтэй хэр нь дээрээ байхгүй шахам байгаа юм. Энэ бол системийн асуудал. Үүнд эмэгтэйчүүд манлайлах ёстой гэхээсээ илүү боломжийг нь олгож байна уу гэдгийг хөндөх хэрэгтэй. Суурь нөхцөлийг нь хангаж чадаж байна уу гэдэг нь чухал. Нийгэм түүнийг нь нээлттэй хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй.

Магадгүй би ганц бие бас хүүхэдгүй учраас Засаг даргын ажлыг хийж болж байж ч мэднэ. Дараа дараагийн эмэгтэй Засаг дарга нар хүүхэдтэй, нөхөртэй, ганц бие ээж байсан ч бай тэр хүнийг хүлээн зөвшөөрдөг байгаасай гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж:Эгүүр.мн
Рийлс, гэрэл зураг: О.Улсболд
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ