
Чуулга уулзалтыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүүхдийг Ивээх Сан, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хамтран зохион байгуулж байна.
Энэ сарын 05-06 хүртэл хоёр өдөр үргэлжлэх арга хэмжээнд аймаг, сумын удирдлагууд, сургуулийн Нийгмийн ажилтнууд, багш нар, эрүүл мэнд, нийгмийн халамж ба цагдаагийн байгууллагын төлөөлөл, чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагууд, эцэг эхчүүд, хүүхдүүдийн төлөөлөл болсон 100 гаруй хүн оролцож байна.

Чуулга уулзалтыг аймгийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч М.Баярт нээж үг хэллээ.
Мөн хүүхэд хөгжил, хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын талаар товч мэдээлэл өгөв.

Мөн Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, аймгийн ХГБХХГ-ын дарга Д.Түнжээ, Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэрэндаваа нарын албаны төлөөлөл үг хэлж чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Энэхүү чуулга уулзалтыг:
Ховд аймгийн Хүүхэд хамгааллын тулгамдсан асуудлыг хамтдаа тодорхойлж, шийдэл гарцыг нь эрэлхийлэх, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, үйлчилгээг нь сайжруулах, салбар дундын хэлэлцүүлэг өрнүүлэх, хүүхэд хамгааллын болон боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.

Нөгөө талаар энэ удаагийн чуулга уулзалтаар:
-2023-2025 онд Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлсэн "Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь" төслийн үр дүнг хэлэлцэж байна.
-2028 он хүртэл аймгийн Хүүхэд хамгааллын чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг боловсруулж буйгаараа ач холбогдолтой.

Үүнээс гадна:
-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр /2025.11.05/ улс орон даяар эхлүүлж буй "ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АСУУДАЛ, ШИЙДЭЛ" сарын аянтай давхцаж байгаа нь ихээхэн ач холбогдолтой ажил болохыг зохион байгуулагчид онцоллоо.


