
Өнөөдөр /
2025.12.04/ аймгийн Онцгой комисс хуралдлаа.

Нийт гишүүдийн 94 хувийн ирцтэй хуралдсан энэ удаагийн хурлаар:
Томуу, томуу төст өвчлөлийн нөхцөл байдал, боловсролын байгууллагын сургалт, ирцтэй холбоотой асуудлыг хэлэлцэв. Мэргэжлийн байгууллагаас өгч буй мэдээллээр ялангуяа бага насны хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэж байгаа учраас:
-Ирэх 7 хоногийн Даваа гарагаас буюу 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд СӨБ-ын байгууллага болох цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоохоор,
-1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг сурагчдын амралт эхлэх хүртэл цахимаар хичээллүүлэх шийдвэрийг гаргалаа.

Харин дунд болон ахлах ангийн сурагчдын хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах ба салбарын яамнаас өгсөн чиглэл, зөвлөмжийн дагуу нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх чиглэл өгч байна.

Цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож буйтай холбогдуулан төрийн байгууллагад ажилладаг бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох /аав ээж нь 2-уулаа төрийн албанд ажилладаг бол нэгэнд нь/ зохицуулалт хийж ажиллах чиглэлийг шийдвэрт тусгахаар боллоо.

Энэ удаагийн хурлаар мөн ХАА-н болон төв суурин газрын /дулаан, эрчим/ өвөлжилтийн бэлтгэл, анхаарах асуудлын талаар ярилцаж холбогдох шийдвэрийг гаргав.
Аймгийн Онцгой комиссын хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг чиглэлийг холбогдох байгууллага, удирдах албан тушаалтнуудад даалгалаа.


