Монгол Улсад бэлчээрийн доройтол хүрээгээ тэлэхийн хэрээр малчид байгальд ээлтэй, хариуцлагатай хандлага руу шилжин малын тоо толгойгоо зохистой хэмжээнд барьж, ашиг орлогоо нэмэх арга эрэлхийлж эхэлсэн. Үүний нэг жишээ бол айл саахалтаараа нэгдэж, дэм дэмдээ цөөн малаас их орлого олж буй малчдын нөхөрлөл юм.
Ховд аймагт 2005 онд үүсгэн байгуулагдсан Жаргалант Оргил нөхөрлөл гэхэд идэвхтэй есөн өрхтэй. Ийн хамтрахын давуу талыг
“Нөхөрлөлийн гишүүдээрээ бид адаглаж ямаа самнаж, малын хашаа хороо барихад нь нэгэндээ тус дэм болдог. Цаашлаад, малын гаралтай бүтээгдэхүүн урлаж, өрхийн орлогоо солонгоруулж байна” хэмээн тус нөхөрлөлийг 2010 оноос хойш ахалж буй Ц.Бүжинлхам тодорхойлов.
Жаргалант Оргил нөхөрлөлийн гишүүд малын түүхий эдээр эсгий ширдэг, олбог, бэлэг дурсгалын зүйл болон суран бүтээгдэхүүн урлаж, нэмүү өртөг шингээн борлуулдаг. 2000 малтай ч орлогоо голчлон ямааны ноосоор бүрдүүлсэн айл байхад Ц.Бүжинлхамынх 400 орчим малтай ч жилийн орлого нь дунджаар 15 гаруй сая төгрөг байх аж.
2023 оны “Малчдын орлого, хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-г харвал 201-500 малтай айлын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого жилийн ₮7.2 сая байхад Ц.Бүжинлхамынх түүнээс хоёр дахин их (₮15.9 сая) буюу мянган малтай айлтай дүйцэж байна.
МАЛЧДЫН БҮЛЭГ, НӨХӨРЛӨЛӨӨР ДАМЖУУЛАН ОРЛОГОО 50 ДАХИН ҮРЖҮҮЛДЭГ БОЛСОН.
Ц.Бүжинлхам “Эсгий ширдгийг гэхэд л 5кг хурганы ноосоор хийдэг. Ийм хэмжээний ноосыг боловсруулахгүйгээр борлуулахад ойролцоогоор 10,000 төгрөг болно. Гэтэл бидний нөхөд нийлээд ноосоо өөрсдөө угааж самнаад, машиндаж ширдэг болгоод 450,000 төгрөгөөр борлуулдаг. Зах зээлд мал үнэгүйдсэн энэ үед чанаргүй мянган малтай байснаас 300-400 толгой малтай, хөдөлмөрч байхад 1кг ноосыг 100,000 төгрөг болгочхож байна” гэв.
Үхрийн шир хэмжээнээсээ шалтгаалан 10-40 мянган төгрөгийн үнэтэй байхад өөрсдөө боловсруулж хазаар болон бусад суран бүтээгдэхүүн хийгээд ихдээ 400 мянган төгрөгийн ашиг олох ч боломжтойг тэрбээр хэллээ.
ОРЛОГООСОО БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ҮЙЛСЭД ЗАРЦУУЛЖ, ГАР БИЕ ОРОЛЦДОГ.
Жаргалант Оргил нөхөрлөл ийнхүү бэлчээрийн даацад нийцүүлсэн, чанартай мал маллагаанаас олсон орлогынхоо тодорхой хувийг байгаль хамгаалахад зарцуулдаг.
Жишээлбэл, булаг шандын эх орчмын хог цэвэрлэж, байгаль хамгаалагчидтай хамтарч орон нутгийнхаа зэрлэг амьтдад өвс тэжээл, хужир шүү тавьж, нуурын тахилгын үеэр гарын бүтээгдэхүүнээ бэлэглэдэг гэв. Мөн нөхөрлөлийн гишүүдийн дунд байх идэвхтэн байгаль хамгаалагч нь зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн, хулгайн ан, бэлчээрийн талхагдалд хяналт тавьж, мэдээлж ажилладаг байна. Үүний дагуу гишүүд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлдэг аж.
Биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлд 2008 оноос хойш ажиллаж буй Дэ Нэйче Консерванси
(TNC) байгууллагаас малын тоо толгойгоо зохистой хэмжээнд барих, малчдад орлогоо солонгоруулах бизнес ухаанд, байгаль хамгааллын чиглэлд сургаж, улмаар тоног төхөөрөмж, нөөц бололцоогоор хангадаг нь бэлчээрийн доройтлын эсрэг авч хэрэгжүүлдэг санаачилгуудынх нь нэг.
Ийм байдлаар өнгөрсөн долоон жилийн хугацаанд малчдын 281 нөхөрлөл, 5300 гаруй малчин өрхийг дэмжин ажилласан байна.
Ховд аймаг дахь TNC байгууллагын Орон нутгийн зохицуулагч Б.Цэвэлмаа:
“Манайхаас нөхөрлөлүүдийн дунд бичил төслийн уралдаан зарлаж буцалтгүй санхүүжилт хийдэг. Энэ нь малын бус орлогыг нэмэгдүүлж, малын тоо толгойг бэлчээрийн даацад нийцүүлэх зорилготой. Мөн жил бүр зохиогддог Нөхөрлөл хөгжил наадамд оролцуулан туршлага солилцуулж, бүтээгдэхүүнээ борлуулах, таниулан сурталчлах боломж олгодог. Цаашид ч манайхтай хамтрах хүсэлтэй нөхөрлөлд бид нээлттэй хандана” хэмээв.
Малчин өрхийг хамруулсан байгалийн баялгийн зохистой ашиглалтыг нэвтрүүлнэ.
Өнө мөнхийн Монгол байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ирэх 15 жилийн хугацаанд нийт 198 сая ам.долларын санхүүжилтийг экологийн ач холбогдол өндөртэй газар нутгийг хамгаалах, менежментийн үр дүнг нэмэгдүүлэх, малчин өрхүүдийн амьжиргааг дэмжихэд зарцуулахаар төлөвлөж байна. Уг хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ, TNC байгууллага болон байгаль хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрийн орон нутгийн иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Мөнх-Оргил “Байгаль хамгааллын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ бид нутгийн иргэдийн эрхийг хүндэтгэх, тэдний байгалийн нөөцтэй холбоотой эрхийг баталгаажуулах зэргээр хүний эрхэд суурилсан арга барилаар ‘Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал’-ын стратегийг хэрэгжүүлэхээр зорьж байна” гэлээ.
Тодруулбал, Өнө мөнхийн Монгол байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрөөр дамжуулан малын тоо толгойг бэлчээрийн даацад нийцүүлж, мал аж ахуйн бус орлогоо нэмэх замаар байгаль хамгаалалд хувь нэмрээ оруулах хүсэлтэй малчин өрхүүдийг үргэлжлүүлэн дэмжин, хамтран ажиллах юм.