Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Хүүхдийн клиник 70 ортой. Томуу, томуу төст өвчлөлийн тархалт нэмэгдэж өнөөдрийн /2025.12.05/ байдлаар 92 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр:
Ачаалал нэмэгдэж байгаа учраас Халдварт болон Харшлын тасагт нэмэлтээр ор дэлгэхээр бэлтгэл хангаж байна. Ингэснээр 120 хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломж бүрдэнэ гэлээ.
Нэмж мэдээлэхэд:
Хүүхдийн клиник нь найман эмчтэй ажиллаж хоногт 220 гаруй хүүхдэд үзлэг хийж, зөвлөгөө өгч ажиллаж байна. Насны хувьд авч үзвэл 0-5 нас, 6-18 насны хүүхдүүд тэр дундаа сургуулийн насны хүүхдүүд дийлэнх хувийг эзэлж байгааг хэллээ.
Аймгийн Эрүүл мэндийн газраас өгч буй мэдээллээр сумдад ч мөн өвчлөл нэмэгдэж байна. Дарви, Цэцэг, Зэрэг, Дөргөн, Булган суманд өндөр байна.
