
2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:УУР АМЬСГАЛЫН ТОЙМ:
Олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.
Арван хоёрдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь уулархаг нутгаар -20...-24°C хүйтэн, бусад нутгаар -14...-20°C хүйтэн байдаг. Сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар Алтайн өвөр говийн нутгаар 2-6 мм, бусад нутгаар 0-2 мм ордог байна.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:
Энэ сард агаарын дундаж температур Их нууруудын хотгороор олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар ОЖД-аас дулаан (Зураг.1), хур тунадас Их нууруудын хотгороор олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар ОЖД-аас бага байх төлөвтэй байна. (Зураг.2)

Агаарын температур, хур тунадасны явцыг
(Зураг.3)–д харуулав. Сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа боловч агаарын температурын хувьд ОЖД-ийн орчим байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар, дунд үеүдэд зарим газраар цас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна. Агаарын дундаж температурын хувьд нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С-аар дулаан, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.

ЗӨВЛӨМЖ:
Сарын эхэнд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байх бол сарын сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн, харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.
2025 оны 12 дугаар сарын Зудын эрсдэлийн урьдчилсан төлөв мэдээ:
