Хилчдийн дулааныг хангах ёстой нүүрсний уурхайг Хятадад 980 мянган ам.доллараар зарагдсанд Хилийн цэргийн өнөөгийн дарга Х.Лхагвасүрэн ямар хамааралтай байна вэ?
Өнөөгийн нийгмийн хамгийн аюултай үзэгдэл бол албан тушаалаа ашиглаж, мэдээлэлд ойр байгаагаа далимдуулан өөрөө болон өөрийн ойрын хүмүүсээ ашиглан хөрөнгөжих явдал юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын гол ажил болох нүүрсний экспортын ажилд хулгай нүүрлэсэн түүгээр зогсохгүй энэ асуудал Хил хамгаалах байгууллагад хүртэл бий болсон нь дэндүү харамсалтай.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах сум орон нутгаас алслагдсан хилчин дайчдыг дулаанаар хангадаг Хилийн цэргийн мэдэлд байсан Андын илч нэртэй нүүрсний уурхайг генерал Х.Лхагвасүрэн эрх мэдлээ далайлган хятадуудад зарсан байж болзошгүй байна гэсэн мэдээлэл манай редакцид ирүүлсэн юм. Учир нь энд дурдагдсан Х.Лхагвасүрэн генерал гэдэг нь эдүгээ Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хилийн 0184 дүгээр ангийг хариуцсан хэсэгт хилийн 0119 дүгээр анги буюу төрийн өмчит үйлдвэрийн газрын нэр дээр Хил хамгаалах байгууллагын нүүрсний орд газар байсан, түүхтэй. Гэтэл энэ орд газар эдүгээ алга болчихож. Уг нь тус уурхайгаас 3-4 хилийн анги нүүрсээ татаж алслагдсан газарт үүрэг гүйцэтгэдэг хилчдийн өвлийн хүйтэнд дулаан байж хахир өвлийг давдаг байсан нь мартагдсан түүх болон алсарч. Хамгийн гол нь энэ уурхайг хэн гэгч эрх мэдэлтэй хүн алга болгож орхисон, түүгээр зогсохгүй Монголын хилчдийн нийгмийн асуудлын нэг хэсгийг шийдвэрлэж байсан Төрийн өмчит үйлдвэрийн газрын өмч болсон Монголын нүүрсний уурхай хайчив гэдэг асуултын хариултыг бид эрэн сурвалжилсан юм.
Хятадын хөрөнгө оруулалттай Андын илч компани уг уурхайг шилжүүлж буюу 980 мянган ам.доллараар худалдаж авахад уг уурхайг албан ёсоор эзэмшиж байсан Хилийн цэргийн 119 дүгээр ангийн захирагчаар эдүгээ Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж буй Х.Лхагвасүрэн ажиллаж байж. Тэрбээр уг уурхайн үйл ажиллагааг 100 хувь бүрэн хариуцаж ажиллаж байсан бөгөөд уурхайтай холбоотой аливаа нэг шийдвэрийг толгой даан гаргах бүрэн эрхтэй байсан аж. Энэ талаар өөрөөс нь тодруулахад үгүйсгээгүй бөгөөд “олон удаа хятадын талтай очиж уулзаж байсан. Уг нь уг уурхайг 49/51 гэж хятад монгол эзэмшиж байсан ч монголын талаас хөрөнгө мөнгөний асуудал ихтэй, гарч байгаа үйл ажиллагааны зардлыг дааж ажиллах боломжгүй байсан учир олон удаагийн уулзалт хэлэлцээрийн дараа эзэмшиж байсан 51 хувиа хятадын компанид шилжүүлсэн асуудал байгаа. Энэ бол та нарын яриад байгаа шиг аюултай зүйл биш. Тэр уурхай одоо болтол монголын газар нутагт байж л байгаа шүү дээ…” гэсэн хариултыг өгсөн юм.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж:MURCH.MN