Нэг л мэдэхэд цусны даралт ихэсдэг болчихсон



Урт цагаан коридорын зүүн талын модон сандал дээр үсээ хусуулаад дөнгөж ургаж байгаа бололтой халимаг үстэй дөч гаруй насны эмэгтэй сууна. Тэрээр өрөөсөн гараараа мэдээгүй болсон нөгөө гараа байн байн базална. Нэг л өдөр мэдээ орно гэж итгэдэг үү эсвэл яагаад би ийм болчихсон юм бол доо гэж дотроо шаналдаг байх. Энэ бүсгүй одоогоос дөрвөн жилийн өмнө тархиндаа цус харвасан юм. Анх цусны даралт нь 160 гардаг байхад л өөрөө дур мэдэж сувилагч эгч дээрээ очиж даралт буулгах тариа хийлгэдэг байсан. Эмч юунаас болж даралт ихсээд байгааг нь тогтоох гэж шинжилгээ өг гэж зөвлөсөн ч ганц хоёрыг нь өгөөд дутуу хаясны уршиг энэ гэж одоо халагладаг.

Түүний охин өрөөсөн бөөр нь төрөлхийн ажиллагаагүй төрсөн. Өвчтэй охиноо асарч, ар гэрээ нуруун дээрээ үүрч явдаг байсан энэ бүсгүй өөрөө одоо гэрийнхээ өвчтэй хүний тоог нэгээр нэмж, хүний асаргаанд байдаг болжээ. Хэдий тархинд цус харваж хүнд өвчтэй болсон ч өвчиндөө бууж өгөхгүй тэмцэж байгаа энэ хүчирхэг бүсгүйг Цацрал гэдэг. Түүнтэй яг адил өвчнөөр Монгол улсад жилд 6500 орчим иргэн тархинд цус харван нас барж байгаа бол гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчинтэй байгаа юм.

Сүүлийн таван жилд 3000 гаруй иргэн тус өвчнөөр нас барсан. Түүний ээж нь тархиндаа цус харваж амь насаа алдаж байжээ. Удам дамжиж түүнд энэ аюулт өвчин ирсэн байж магад гэж Цацрал өөрөө ярьдаг. Учир нь цусны даралт ихсэх өвчин удамших магадлал 10 хувь, амьдралын хэв маягаас 55 хувь, эрүүл мэндийн байгууллагаас 10 хувь, бусад шалтгаанаас 15 хувь шалтгаалдаг байна. 

Тэрээр тархинд цус харвах өвчин удам дамжсан байж магад гэж эмээж явдаг учраас өөрийн  охиндоо байнга санаа зовнидог. Учир нь энэ төрлийн өвчин улам залуужиж 16 настай хүүхэд хүртэл цус харваж эмнэлэгт хүргэгдэн ирсэн тохиолдол гарчээ. Өөрөөр хэлбэл энэ өвчин хэнийг ч ялгахгүй гэсэн үг юм. Хүүхэд байхад өвөө эмээ нар тогтмол даралтын эм уудаг байсан. Хэзээ ч энэ өвчнийг дайрахгүй юм шиг санаж явтал гуч гаруй настай сэтгүүлч надад, мөн эргэн тойрны залуухан сэтгүүлчдэд хүртэл энэ өвчин мэр сэр тохиолдож байгаа талаар ярьж байна.

Энд тэндээс дөнгөж дөч гарч байгаа залуучууд гэнэт зүрх нь хаагдах эсвэл тархинд цус харваж нас барж талаар харамсалтай мэдээ ирж сэтгэл сэртхийлгэх болжээ. Хуучны хүмүүст 60 гарч тохиолдож байсан энэ өвчин одоо дөнгөж гучин наснаас эхэлж байгаа нь туйлын харамсалтай. Гэнэт л нэг өдөр шилэн хүзүүгээр хөшиж, даралт 140, 150 хүрчихсэн даралт буулгах эм уугаад сууж байхдаа яана даа энэ өвчин яасан эрт айлчилна вэ гэж дотроо халаглан сууж байлаа.

Ингээд л үзэг цаасаа нийлүүлэн үе тэнгийн нөхдөдөө сэрэмжлүүлэг болгох үүднээс энэхүү нийтлэлээ сийрүүлж байгаа минь энэ. Манай нийтлэлийн гол дүр Цацралын бөөр нь өвддөг байсан. Гэвч тэрээр ажил, гэр, хүүхдээ асрах, сургууль, цэцэрлэгт нь зөөж өгөхөөс эхлээд ажил мундахгүй их байсан учраас өөрийгөө үл тоож явсны уршгаар одоо таяг тулан гэр дотроо явахаас өөрөөр ажил хийж чадахгүй хөдөлмөрийн чадвараа алдсан юм. Цацралд тохиолдсон цусны даралт ихсэх өвчин нь хүний амьдралын буруу хэвшилтэй салшгүй холбоотой.

Тодруулбал суурь эмгэгтэй, даралт тогтворгүй байдаг, хорт зуршилтай, чихрийн шижин, бөөрний архаг үрэвсэлтэй, таргалалт, цус багадалтай бол цус харвах эрсдэлтэй гэж ойлгож болно. Цус харвахад нөлөөлж байгаа бас нэг шалтгаан нь цус өтгөрөх юм. Цус өтгөрөх гэдэг нь захын судсанд улаан эсийн тоо хэмжээ ихсэхийг хэлдэг. Цус өтгөрөхөд тамхи татах, стресс, өөх тос, давс их хэмжээгээр хэрэглэх, хөдөлгөөн хомсдож таргалах, муу өөх тос цусанд ихсэх гэх зэргээс болж  өтгөрдөг байна. Иймд цусаа шингэлэхийн тулд хүн өдөрт 1,5-2 литр ус ууж хэвших нь цусыг хамгийн сайн шингэлдэг байна. Цацрал хүүхдүүддээ үргэлж захидаг.

Аливаа өвчнөөс сэргийлэхийн тулд өвдсөн хойноо биш өвдөхийнхөө өмнө хэдий чинээ эрт өвчнийг оношилж чадна төдий чинээ төгс эмчлэгдэнэ гэж хэлдэг. Түүний ч зөв. Учир нь 18-30 насны иргэд жилд нэг удаа, гучаас дээш насны иргэд жилд 2 удаа, дөчөөс дээш насны иргэд бүтэн оношилгоонд орохыг эмч нар зөвлөдөг. Өөрөө өвдөж энэ өвчний хор уршгийг мэддэг учраас тэрээр хүүхдүүдээ дагуулан эрт илрүүлэг үзлэгт явах гэж байгаа талаар ярьж байлаа.

Монгол улс орон даяар эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоог тавдугаар сарын нэгнээс эхлүүлээд байгаа юм.  Гэвч төдийлөн иргэдийн хамрагдалт хангалттай бус байна. Мөн Хаан банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН банк сан, Улсын гуравдугаар эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран цусны даралт ихсэлтийн эсрэг аяныг зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд 12 аймгийн 23000 иргэнд үзлэг оношилгоо хийжээ. Дорноговь аймагт гэхэд анх удаа энэ оны зургаадугаар сарын 22-ноос 24-ний хооронд тус аянг зохион байгуулсан юм. Тус аймагт 2020 онд зургаан хүн тархинд цус харваж нас барж байсан бол 2021 онд 12 болж өссөн байна.

Цусны даралт ихсэх өвчин халдварт өвчин биш учраас хүн бүр сэргийлж болно. Цацрал анх байн байн толгой нь эргэж, дотор нь давчдаж ирэх үед даралт нь 160 хүрчихсэн, өөрөө дур мэдэж эм уугаад ажлаа хийж байдаг байсан талаараа дурсан ярьсан юм. Тэр үедээ л эмчийн зөвлөснөөр шинжилгээгээ бүрэн өгсөн бол цус харвахгүй байсан гэж надад ярьж байлаа.

Энэ өвчнөөс бүрэн сэргийлэх боломжтой. Хэрэв таньд амьсгал давхцах, хөлийн шагайн хэсгээр хавагнах, зүрхний хэм тогтворгүй болох, цээжинд дарж өвдөх, эсвэл анхаарал төвлөрөх чадвар муудах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандаарай. Цацрал ямартаа ч амь насаа алдахгүйгээр энэ өвчнийг даван туулсан. Гэхдээ тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог нэгээр нэмж, хөдөлмөрийн чадвараа алдсан юм. Сайн ярьж өөрийгөө бүрэн бусдад ойлгуулж чадахгүй, нэг талын гар нь огт мэдээгүй, өрөөсөн хөл нь муу, таяг тулж гэр дотроо алхах эсвэл тэргэнцэр дээр сууж явдаг болсон. Гэвч Цацрал энэ өвчиндөө бууж өгөхгүй тэмцэж, эмчийн зөвлөснөөр эмээ сайн ууж, эмчилгээгээ хийлгэж, охиноо ч эрт илрүүлэг үзлэгт хамруулахаар болсон юм. Тэрээр хойч үеийн залуучууд маань архи тамхинаас холуур байж, өвдсөн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандаж, эмчийн зөвлөснөөр эмчилгээ хийлгэх ёстой шүү гэж захиж байсан юм.

Цусны даралт ихсэх өвчнийг манай улс бүрэн илрүүлж, эмчилж чадаж байна. Иймд та бүхэн ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл дур мэдэж эм уухгүй, шинжлэх ухаанаар батлагдаагүй эм, бэлдмэлийг хэн нэгний зөвлөснөөр уухгүй байх, хорт зуршлаас зайлсхийж, зөв хооллож, эрт унтаж амрах гэх зэргээр амьдралын зөв хэвшлийг бий болгоорой. Ингэснээр та энэ өвчнөөс бүрэн сэргийлж чадна. Цусны даралт ихсэх өвчин хаалга тогшихоос өмнө та сэргийлж чадна.

Нийтлэл бичсэн сэтгүүлч С.Номингэрэл

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ