Ховд аймгийн иргэний нийгмийн байгууллга (ИНБ)-уудын хамтарсан баг тус аймагт хэрэгжиж буй Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ хийж, түүний үр дүнд тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулснаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Орон нутгийн ИНБ-уудыг чадавхжуулж, тэдгээрийн оролцоотойгоор жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх, цаашдын бодлого төлөвлөлтийг илүү оновчтой болгоход чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо гэдгийг төслийг хэрэгжүүлэгч талууд онцолж байна.
Ховд аймаг 2017-2020 онуудад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр /ЖЭТБХ/-ийг батлан үндсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсэн бөгөөд тэргүүлэх чиглэлийн 25 үйл ажиллагаанаас 23 нь хэрэгжиж 92 хувийн гүйцэтгэлтэйгээр амжилттай хэрэгжсэн байна. Түүнчлэн хөтөлбөрийн хэрэгжилт анх 520 орчим сая төгрөг төсөвлөсөн байсан ч 1 тэрбум 300 орчим сая төгрөгийг зарцуулсан дүн хөндлөнгийн үнэлгээгээр гарчээ.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Ховд аймаг хамтран 698 сая төгрөгийн өртөгтэйгээр “Түр хамгаалах байр”-тай болсон нь хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийг байрлуулж аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа нь чухал үр дүнтэй ажил болсон байна. Мөн малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 53 залуу гэр бүлийг сургалтад хамруулсан нь энэ хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн үлгэр жишээ ажлуудын нэг.
Харин орон нутгийн иргэдийн жендэрийн талаарх мэдлэг ойлголт бусад аймгуудын адил дундаж түүнээс доогуур хөтөлбөрийн талаарх мэдээлэл иргэдэд төдийлөн нээлттэй бус байгаа байдал нь хөтөлбөрийн үйл ажиллагааны хүртээмжийг бууруулах үндсэн нөхцөл болсон. Мөн ОНЖДХ-ийн үйл ажиллагааг мэдээлэл дутмаг болон сум орон нутаг, алслагдсан бүс нутаг, малчид зэрэг нийгмийн бүлэг рүү чиглүүлэхэд анхаарах шаардлага үүссэнийг уг судалгааны дүн харуулжээ. Энэхүү үр дүнгээс улбаалан иргэдийн жендэрийн мэдлэг ойлголтыг сайжруулах, сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлыг тогтвортой урт хугацаанд, өргөн хүрээнд өрнүүлэхэд төсөв зарцуулалтыг нэмэгдүүлэх ажлыг дараагийн хэрэгжих үйл ажиллагааны төлөвлөлтөд зайлшгүй тусгах шаардлагатайг онцоллоо.
ИНБ-уудын хамтарсан баг дээрх хөндлөнгийн үнэлгээ шинжилгээний үр дүнд тулгуурлан дараах зөвлөмжүүдийг боловсруулснаа аймгийн удирдлагууд, шийдвэр гаргагч нарт хүргүүлээд байна. Үүнд:
1. ОНЖДХ-ийн хэрэгжилтэд оролцогчдын цар хүрээ, төрийн болон ТББ, ИНБ-уудын оролцоог хөтөлбөрт нарийвчлан тусгах,
2. ОНЖДХ-ийн нэн тэргүүний зорилго, зорилт нь жендэрийн боловсрол, мэдлэг ойлголтыг сайжруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд мэдээллийг тэгш, хүртээмжтэй олгох иргэдийн боловсролыг сайжруулах хүрээнд хэвлэл мэдээллийн олон сувагт тулгуурласан стратеги боловсруулах,
3. Хөтөлбөрийн хэрэгжилтэд мэдээллийн тэгш бус хүртээмжтэй байдал, сум орон нутаг, малчдын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах зэрэг нийт 8 заалт бүхий зөвлөмж боловсруулжээ.
Дээрх үйл ажиллагаа нь Жендэрийн үндэсний хороо Азийн Хөгжлийн Банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны төслийн хүрээнд Ховд, Булган, Өмнөговь, Дорнод, Баянхонгор зэрэг нийт таван аймагт хэрэгжсэн байна. Уг таван аймгийн 27 ИНБ-ууд тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн ОНЖДХ-ийн хэрэгжилтэд ОХШҮ хийж, түүний үр дүнд тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулах, олон нийтийн жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх зорилготой “Хүндлэлд хүйс хамааралгүй” олон нийтийн мэдээлэл харилцааны аянг орон нутгийн хэмжээнд зохион байгуулж үр дүнгээ ийнхүү танилцууллаа.