“Ирвэсний эх нутаг-2020” фестиваль “Ирвэстэй найзалсан найман жил” уриан дор өрнөв



“Ирвэсний эх нутаг-2020” фестиваль энэ сарын 24-ний өдөр Ховд аймагт боллоо. Тус үйл ажиллагаа нь “Ирвэстэй найзалсан найман жил” уриан дор өрнөснөөрөө онцлогтой. Үүнд Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгийн байгаль орчны салбар байгууллага, баруун бүсийн ирвэстэй нутгийн эко клубийн сурагчдын төлөөлөл 150 гаруй хүн оролцож байна. Тэд өнгөрсөн хугацаанд ирвэс хамгаалах зорилгоор хийсэн ажлаа нэгтгэн дүгнэж, түүний идэш тэжээл болох амьтад,  өнөөгийн нөхцөл байдлын талаар нээлттэй ярилцлаа. Мөн нэн ховор амьтны амьдрах орчныг хамгаалахад цаашид юу хийх шаардлагатай тухай хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр баруун бүсийн ирвэстэй нутгийн эко клубийн сурагчид, мэргэжлийн байгууллагууд найман жилийн хугацаанд ирвэсийг судалсан, хамгаалсан онцлог амжилтуудаас танилцууллаа. Мөн гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, цоохор ирвэсний багт жүжигчилсэн тоглолт зэргээр мэндчилгээ дэвшүүлэв.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар нэн ховор цоохор ирвэсийг таньж, мэдэх, экологийн ач холбогдлыг нь олон нийтэд танин мэдүүлэх, хамгаалахад  уриалах зорилгоор “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр”-ийг Монголд 2013 оноос эхлэн тэмдэглэж байгаа аж. Уг ажилд ерөнхий боловсролын сургуулийн эко клубийн сурагчид  идэвхтэй оролцдог. Улмаар "Ирвэсний эх нутаг" үйл ажиллагаа жил бүр өргөжин тэлж, сурагчдын санаачилсан, өрнүүлсэн ажил баруун бүс, улсын хэмжээнд шийдвэр гаргагч, олон нийтийн анхаарлыг татаж, эерэгээр нөлөөлж чаддаг болжээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь байгаль хамгаалагч, нутгийн иргэдийн оролцоотойгоор Алтан хөхий, Мөнххайрхан уул, Баатарын нуруунд автомат камер байршуулж, Ховд аймгийн нутаг дэвсгэрт  450-500 орчим ирвэс нутагшиж байгааг тогтоосон байна. 
Мөн Ховд аймгийн Манхан, Чандмань сумын ерөнхий боловсролын сургуулийн эко клубийн сурагчид хамтран Жаргалант хайрхан ууланд хавханд орж, хөл нь тасарсан ирвэсийг хамгаалах зорилгоор зуны амралтын хугацаанд “Хавхгүй ууланд хамаг амьтан жаргалтай” аян өрнүүлж, нутгийн малчдаас 260 гаруй хавх цуглуулсан нь баруун бүсийн бусад аймаг, улсын хэмжээнд жишиг санаачлага болж, одоо ч амжилттай өрнөсөөр байна.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ