ДЭМБ-аас гаргасан Эрүүл мэндийн бүх нийтийн хамралтын өдөрт зориулсан илтгэлд:
“...эрүүл мэндийн талаарх дэлхийн чиг хандлагыг харвал бүх иргэдээ чанартай үйлчилгээнд бүрэн хамруулахад хувийн төлбөр биш харин төрийн санхүүжилт хэрэгтэй учраас эрүүл мэндэд зарах улсын зардал, хөрөнгө оруулалт улам нэмэгдэж байна. Тухайлбал, бага, дунд орлоготой орнуудад эрүүл мэндийн зардал өнгөрсөн жилүүдэд жилд дунджаар 6%, өндөр орлоготой орнуудад 4% өсчээ. Хөгжиж байгаа орнуудад ийнхүү төрөөс эрүүл мэндэд зарж байгаа хөрөнгийн хэмжээг 2000 онтой харьцуулбал даруй 2 дахин нэмэгдсэн дүн гарч байна. Үүний үр дүнд бага орлоготой орнууд нэг иргэндээ жилд дунджаар 60 ам.доллар, дундаас дээш орлоготой орнууд 250 ам.доллар зарах боломжтой болов. Ийнхүү эрүүл мэндийн санхүүжилтэд хувийн төлбөр биш харин төрийн оролцоо нэмэгдсэнээр эрүүл мэндийн тусламжийн хамралт, хүртээмж сайжирч, эрүүл мэндийн байдал болоод үйлчилгээний төлбөрөөс шалтгаалан санхүүгийн хүндрэлд орох, ядуурах эрсдэл багасч байгааг” онцлосон байна. Нөгөө талаас эрүүл мэндийн салбарын зардлыг нэмэгдүүлэх асуудлыг түүнээс гарч буй үр өгөөжтэй нь уялдуулах шаардлагатайг илтгэлд мөн дурдсан.
“Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар”-ыг тодорхойлох нь төвөгтэй бөгөөд энэ нь субьектив ойлголт юм. Түүнчлэн үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч ба худалдан авагчид чанарын өөр өөр талыг онцлон анхаарч байна. Үйлчлүүлэгч өөрт нь тавьж буй анхаарал халамж, эмнэлгийн удирдлага зохион байгуулалтын чанарт, харин эмч нар бол эмнэлгийн сүүлийн үеийн технологи, тэрхүү технологийг ашиглаж байгаа ур чадварт, басхүү худалдан авагчдын тухайд үнэ өртгийн төсөр, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид түлхүү анхаарах талтай байдаг.
Ховд аймгийн эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг сайжруулах үнэлгээний баг Ховд аймгийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, өнөөгийн нөхцөл байдлыг бүртгэх, үнэлж дүгнэх, тусламж үйлчилгээ хүртэгсдийн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр нотолгоонд суурилсан зөвлөмж боловсруулахаар зорьж байна.
Үнэлгээнд Ховд аймгийн төвийн “Жаргалант” өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ), “Баатархайрхан” ӨЭМТ, “Үенч” сумын эрүүл мэндийн төв (ЭМТ), “Мөст” сум дундын эмнэлэг (СДЭ)-ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгсэд болон үйлчүүлэгчдийг хамруулах юм.
Сонгогдсон анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх мэдээллийг цуглуулахдаа асуулга, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хэлбэрээр цуглуулан ДЭМБ-ын “Үйлчилгээний хүртээмж болон бэлэн байдлын үнэлгээ” (Service Availability and Readiness Assessment)-ний хялбаршуулсан хувилбар, “Хэрэглэгчийн үнэлгээний карт”-ын аргаар, харин санхүүжилтийн талаарх мэдээллийг “Төсвийн хараат бус хяналт шинжилгээ”-ний аргачлалаар цуглуулсан байна.
Төсөв, санхүүтэй холбоотой, эдгээр мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, баримт, нотолгоонд тулгуурлан шинжилж үзэх замаар, төсвийн хараат бус хяналт-шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар ажиллаж буй.
Үнэлгээнд хамрагдах иргэдийг сонгохдоо сумын болон өрхийн эрүүл мэндийн төвүүдээс үйлчилгээ авдаг байхыг гол шаардлага болгон, сонгогдсон баг, сумын насанд хүрсэн /18-65 насны/ хүн амын нас, хүйс, нийгмийн байдал, оршин суугаа байршил зэргийг нь тохируулан тэнцүүлэх байдлаар, санамсаргүйгээр сонгож авна.
Түүнчилэн асуулга, судалгаанд хамрагдах иргэд сүүлийн 6 сар эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдсан байх ёстой. Мөн тухайн багт түр оршин суугч атлаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан иргэдийг хамруулж болох юм.
Судалгаанд Жаргалант сумын “Баатархайрхан”, мөн “Жаргалан” өрхийн эрүүл мэндийн төв, Мөст суман дахь Сум дундын эмнэлэг, Үенч сумын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлдэг 510 орчим иргэд хамрагдах бөгөөд үүнээс 490 иргэн нь асуулгад, харин 20 орчим нь чанарын судалгаанд, тодруулбал ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагад оролцож байгаа юм. Үнэлгээний арга хэрэгслийн хувьд ДЭМБ-ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэлэх аргачлалд тулгуурлан зохиосон үнэлгээний хуудсыг ашиглаж байна (Xавсралт 2).
Энэхүү үнэлгээг хийснээр Ховд аймгийн сонгогдсон байгууллагуудын эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний бэлэн байдлын түвшинг тогтоох боломжтой болохоос гадна тусламж үйлчилгээ хүртэгсдийн оролцоотойгоор үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн зөвлөмж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах суурь мэдээлэлтэй болох юм.
Мэдээллийг бэлтгэсэн Г.Энхжаргал