Мессеж системийн үйлчилгээг танилцуулах сургалт Ховд аймагт боллоо



Мерси Кор Монгол олон улсын байгууллага нь Дэлхийн хүнсний хөтөлбөр, Үндэсний статистикийн хороо, Онцгой байдлын ерөнхий газартай  хамтран "Мессеж үйлчилгээний цар хүрээг өргөжүүлж, малчин өрхийн зудыг даван туулах чадварыг бэхжүүлэх" төсөл хэрэгжүүлж байна.  
Төслийн нэгдүгээр үе шатыг Баянхонгор, Архангай, Өвөрхангай  гэсэн гурван аймгийн 15 суманд хэрэгжүүлсэн. Тэгвэл  төслийн хоёрдугаар үе шатыг  баруун бүсийн  Ховд, Баян-Өлгий, Увс аймагт хэрэгжүүлж эхэллээ. Ховд аймгийн Булган, Буянт, Дарви, Чандмань, Дуут гэсэн таван сум "Мессеж үйлчилгээний цар хүрээг өргөжүүлж, малчин өрхийн зудыг даван туулах чадварыг бэхжүүлэх" төсөлд хамрагдана. Төслийн үйл ажиллагаа 2020 оны хоёрдугаар сарыг дуустал үргэлжлэх ба тус сумын малчдад боодолтой өвс, тэжээлийн үнэ ханшийн мэдээг мессежээр хүргэх юм.



Үүнтэй холбогдуулан "Мессеж системийн үйлчилгээг танилцуулах сургалт" -ыг энэ сарын 24-ний өдөр Ховд аймагт зохион байгууллаа. Сургалтад төслийн зорилтот 3 аймаг, 15 сумын ЗДТГ-ын дарга, мал эмнэлгийн тасгийн мэргэжилтэн болон Хүнс хөдөө аж ахуйн газар, ОБГ, Статистикийн хэлтэс, Улаан загалмайн хорооны төлөөлөл 20 гаруй хүн оролцов.


Сургалтын хүрээнд "Мессеж үйлчилгээний цар хүрээг өргөжүүлж, малчин өрхийн зудыг даван туулах чадварыг бэхжүүлэх" төслийн зорилго, зорилтын  талаар танилцуулсан. Мөн гамшиг эрсдэлийг бууруулах, зарлан мэдээллийг хүргэхэд Онцгой байдлын албанд  ашиглаж байгаа технологийн шийдэл, мессеж системийн хэрэглээ, хэрэгцээ шаардлага, сум, багийн түвшинд сурталчлан таниулах арга зам, сайн туршлагын талаар санал солилцсон юм.  Улмаар сум, багийн түвшинд төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ.
Энэ үеэр өвс, тэжээлийн үнэ ханшийн мэдээг мессежээр авах хоёр шинэ кодыг туршиж үзлээ. Иргэд 13 гэсэн код ашиглан тэжээлийн үнэ, 14 гэх кодоор боодолтой өвсний үнийг мессежээр авах юм. Ингэхдээ өөрийн  аймаг, сумын кодыг тогтоож авна. Улмаар аймаг, сумын кодыг бичиж зай аваад 13 эсвэл 14 гэсэн кодыг оруулан 130105 дугаарт мессеж илгээх аж. 


Мерси Кор Монгол олон улсын байгууллага  нь 2016 оноос эхлэн мессеж системийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Одоогийн байдлаар  иргэд 1-6 хоногийн цаг агаарын мэдээ, бэлчээр, хөдөө аж ахуй зэрэг 14 төрлийн мэдээллийг мессежээр авах боломж бүрдүүлжээ. Малчдад шаардлагатай цаг агаар болон хөдөө аж ахуйн мэдээллийг түгээх замаар орон нутагт  гамшгийн төлөвлөлт, эрсдлийг бууруулах чадавхийг сайжруулахад тус төслийн зорилго чиглэж байна. Улмаар малчид болон хөдөөгийн эдийн засагт тохиох гамшгийн эрсдлийг бууруулах давуу талтай гэж төсөл хэрэгжүүлэгчид мэдээллээ. 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ