“Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлэгч, “Хүүхдийн элч” М.Оюунсүрэнтэй ярилцлаа



-Бидний урилгыг хүлээн авсан танд энэ өдрийн мэндийг хүргэе.

 Баярлалаа. Танд болон танай сайтын уншигчад энэ өдрийн мэндийг хүргэе.

-Та  “Хүүхдийн элч”, “Хүүхэд хамгаалагч”-аар ажиллаж байгаа. Энэ үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгнө үү?

“Хүүхдийн элч”-ийн тухайд ГБХЗХГ-ын даргын 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/98 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн Эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7 дахь хэсгийг тус тус үндэслэн “Хүүхдийн элчийг сонгон ажиллуулах тухай” журмыг баталсан. Журмын хэрэгжилтэд тухайн аймгийн ГБХЗХГ-ын дарга нарт үүрэг болгосон байгаа. Манай аймгийн хувьд өнгөрсөн оны 5 дугаар сард “Хүүхдийн нэгдсэн чуулган”-д оролцсон 250 гаруй хүүхэд миний бие болон Жаргалант сумын ЗДТГ-ын НБХ орлогч дарга Лувсанлхамо бид 2-т  итгэл үзүүлж сонгосон.

Хүүхдийн элч нь хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйл ажиллагаандаа нээлттэй, ил тод, бусдын нөлөөнд үл автах, шударга байх, хүүхдийн эрх ашгийг дээдлэн, аливаа нам, улс төрийн хүчнээс ангид байж, бие даасан үйл ажиллагаа явуулах ёстой.  Мөн бүрэн эрхийнхээ хүрээнд хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар хүүхэд, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлүүлэх, хүүхдийн тулгамдаж буй асуудал, эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолыг сонсож, холбогдох удирдлагуудад тавьж шийдвэрлүүлэх ёстой. Хамгийн гол нь хүүхдийг аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, хууль эрх зүйг сурталчлан таниулах ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байна.

Харин “Хүүхэд хамгаалагч” төслийн тухайд улсын хэмжээнд сүүлийн гурван  жилийн байдлаар насанд хүрээгүй  хүнээс үйлдсэн  2833,  хүүхэд өртөж хохирсон 4922 гэмт  хэрэг бүртгэгдсэний 68,3 хувь нь гудамж талбай, олон нийтийн газарт үйлдсэн байна. Хүүхэд ихэвчлэн зодолдох, танхайрах, бусдын эд зүйл хулгайлах, залилан мэхлэх, дээрэмдэх зэрэг гэмт  хэрэг үйлдэж байгаагийн дийлэнх хувийг 16-18 насныхан эзэлж  байна гэсэн судалгаа бий.  Мөн хүүхэд зодолдох, танхайрах, хүчиндэх, хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэргийн  улмаас ихээр хохирч байгаа юм. Тиймээс  энэ төслөөр дамжуулан эрсдэлт  нөхцөлд амьдарч байгаа  хүүхдэд туслах, сургуулийн орчин  болон гудамж талбайд  үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг  бууруулах, аливаа эрсдэлээс хамгаалах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй  эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотой хяналтад авах зорилгоор   “Хүүхэд хамгаалагч” төслийг  хэрэгжүүлж байгаа юм.

Энэ хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг  гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж, нууц далд аргаар үйлдэгдэж буй гэмт хэрэг  зөрчлийг илрүүлэх, мэдээ мэдээлэл цуглуулах ажлыг шинэ шатанд гаргахаар зорьж байна. Монголын ирээдүй болсон  хүүхэд багачуудынхаа сайн сайхны төлөө хүн бүхэн анхаарах ёстой шүү гэдгийг энэ дашрамд нийт эцэг эхчүүдэд хэлмээр байна.

-Улсын хэмжээнд зохион явагдаж байгаа “Зөв тусгал” аяны хүрээнд та нилээд ажлыг хийж хэрэгжүүллээ. Энэ талаар?

Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр  ЦЕГ-аас санаалчлан нилээдгүй аян, хөдөлгөөнийг өрнүүлсэнийг та бүхэн мэдэж байгаа. Сүүлийн үеийн судалгаанаас харахад 4900 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болж, 2800 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдсэн гэсэн тоо гарсан байсан. Ховд аймгийн хэмжээнд 2017 онд 16 гэмт хэрэгт 25 хүүхэд, 2018 онд 17 гэмт хэрэгт 22, 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 гэмт хэрэгт 22 хүүхэд тус тус холбогдсон байна.Хүүхэд гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгааныг судлахад эцэг эхийн хараа хяналт сул, бусдын нөлөөнд автамтгай, амар хялбар аргаар мөнгөтэй болохыг санаархдаг,  PC тоглоом тоглох зорилготойгоор үйлдэгдэж байна. Энэ асуудалд эцэг эх, олон нийтийн оролцоог сайжруулах, хүүхдэд зөв эерэг хандлагыг төлөвшүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Иймд иргэд олон нийт рүү  чиглэсэн нөлөөллийн “Зөв тусгал” аяныг явуулсан. Уг аянаар дамжуулан эцэг, эхчүүд хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэхэд суралцах, эцэг, эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх болон эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдэдээ үлгэрлэн манлайлахад чиглэсэн сургалт, мэдээллийн ажлуудыг явуулж, заасан сэдвүүдээс хэрхэн мэдээ мэдээлэл олж авсаныг тодруулах зорилгоор оролцогчдын дунд асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулан, амжилттай оролцсон иргэд, хүүхэд багачуудыг шагнаж урамшуулсан.

Өнөөдрийн байдлаар Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа 9  байгууллага, 5 цэцэрлэг, 6 сургуулийн нийт  605 хүнд “Хүүхдийн хүмүүжилд анхааръя”, “Хүүхдээ сонсож, найз  шиг нь байя” уриан дор “Хүүхдээ сонсъё”, “Хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ”, “Зөрчлийн тухай хууль”, “Хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг  гэмт хэргээс урьдчилан сэргийлье”, “Хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага”, “Хүүхдийг цахим гэмт хэргээс сэргийлье”, Бусдыг хүндлэх, харьцааны ёс зүй”,  “Хулгайлах гэмт хэргийн тухай ойлголт”, “Эцэг эхийн үүрэг, хариуцлага” зэрэг сэдвүүдээр сургалт явуулж, оролцогчдын санал хүсэлтийг сонсон хариулт өглөө. 
               
Мөн бага насны цэцэрлэгийн хүүхдүүдэд аав, ээж, ах, эгч, найз нөхдөө хайрлан хүндлэх, туслах, тэдэнтэй илэн далангүй байж, өөрийн хүсч мөрөөдөж байгаа зүйлээ чөлөөтэй илэрхийлж сурах, гэртээ ганцаараа байгаагаа бусдад мэдэгдэхгүй байх, худал ярьж, муухай үг, хараал хэлэхгүй байх, компьютер, фейсбүүк, ухаалаг гар утсаар тоглохгүй байх, хэн нэгэн танихгүй хүн сонсож, дуулаагүй үг хэллэг хэлж, элдэв зүйл өгч, хаа нэг газар руу хамт явах талаар санал тавьсан тохиолдолд ээж, аавдаа хэлж байх, гэр орноосоо төөрсөн үед томчуудаас тусламж хүсэх, гэрийнхээ хаяг, аав, ээжийнхээ утасны дугаарыг цээжлэх, томчууд доромжлох, дарамтлах, зодох, элдэв зүй бус авир гаргасан тохиолдолд чангаар хашгирч, бусдад мэдэгдэх, хүн ихтэй газар руу зугатаж байх зэрэг талаар зурагт хэлбэрээр, харилцан ярилцаж мэдээлэл өгсөн энь тэдний сонирхолыг татсан маш үр дүнтэй ажлын нэг болсон гэж үзэж байгаа. Энэ үеэр байгууллагуудын “Эцэг эхийн зөвлөл”-өөс хийсэн ажил болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлыг сонсож, мэргэжил арга зүйн зөвлөгөө, чиглэл зааварчилгаа өгсөн.

Мөн “Зөв тусгал” аяны хүрээнд хүүхэд эцэг эхийн харилцаа хандлагыг сайжруулах, хүмүүжлийн эерэг аргад суралцуулах 5 төрлийн зурагт мэдээллийг танилцуулан, мэдээ мэдээлэл өгсөн. Зөвхөн энэ аянтай холдогдуулаад биш 2019 онд хэрэгжүүлэх 3 бүлэг, 18 заалт бүхий ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Сургуулийн орчинд хүүхэдтэй холбоотой мэдээллийг утсаар хүлээн авах, байнгын ажиллагаатай “Саналын хайрцаг” ажиллуулах талаар зөвлөмж боловсруулан сургуулиудын удирдлага, нийгмийн ажилтнуудтай хамтран хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Хүүхэд сургуульдаа ирэх, сургуулиа тараад гэртээ харих замдаа гэмт хэргийн хохирогч болох, зам тээврийн осолд өртөх явдлууд нилээдгүй гардагтай холбоотойгоор эцэг эхийн оролцоотойгоор замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, замын гарцанд ажиллах эцэг эхийн эргүүл, хяналтыг тогтмолжуулах

-Эцэг, эхчүүдэд хандаж юу гэж хэлэх вэ?

Хүүхэд бол эцэг, эхчүүдийнхээ толь нь байдаг. Томчуудын үг яриа, үйл хөдлөлөөс хүүхэд ирээдүйд хэн болох нь тодорхой харагддаг. Мэдээж  хүчирхийлэлтэй орчинд өссөн хүүхэд насанд хүрээд гэмт хэрэгт холбогдох эсвэл гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэх нь түгээмэл  байдаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ дэргэд  үг, үйлдлээ хянаж, буруу үлгэр болох үг, үйлдэл гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй. Мөн хүүхэдтэйгээ харьцахдаа хүүхдээ сонсож, тэднийг ойлгож харилцдаг болох хэрэгтэй.

Томчууд ямар байна хүүхэд тийм л байдаг. Томчуудын буруу үйлдэл хүүхдэд шууд тусгал болж, тухайн үйлдлийг хүүхэд дуурайдаг. Эцэг эхчүүд хүүхдээ бага наснаас нь зөв хүмүүжүүлдэггүй, тэдний санаа бодлыг сонсдоггүй, хэнтэй үерхэж, нөхөрлөж, хичээлийн бус цагаар хаагуур юу хийж яваад нь анхаарал хандуулдаггүй, ямар нэгэн байдлаар хүүхэд дотоод сэтгэлээ гарган ярилцах гэхэд нь “маргааш ярилцъя, дараа болъё” гэж хойш тавьж, “өмсөх хувцас, идэх хоол, хичээлийн хэрэгсэл нь байвал болно” гэж боддогтой холбоотойгоор хүүхэд эцэг эхдээ итгэх итгэл алдрах, “нууцаа” дотроо тээж сэтгэл санаагаар гутрах, ганцаардах, хичээл номдоо дургүйлэх зэрэг асуудал гардаг. Мөн эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй орхих, хүссэн болгоноор нь хангаж, хэт дураар нь байлгаснаас гэмт хэрэгт холбогдох тохиолдол гардаг.

Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн ихэнх нь эцэг, эхийн анхаарал халамж дутсантай холбоотой байдаг учраас эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хүүхдүүдтэйгээ нээлттэй байж, тэдэнд тавих анхаарал халамжаа дээшлүүлэх  шаардлагатай байна шүү гэдгийг хэлмээр байна. Эцэст нь таны, миний гэлтгүй Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа сайн сайхан амьдралын төлөө бүгдээрээ хамтдаа гэж хэлье. 

                                                                                                                                                                                                                                                                       Ярилцсанд баярлалаа.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ