Иргэн таны-Эрхзүйн мэдлэгт-ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР...




Манай улсын нийгмийн харилцааг бараг бүхэлд нь эрх зүйн хэм хэмжээ, тухайлбал Монгол Улсын Үндсэн хууль түүнд нийцүүлсэн салбар хуулиудаар зохицуулдаг гэж хэлж болно. Энэ зохицуулагдаж байгаа харилцаа, иргэдийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд хамгаалах, эрхийг сэргээх нь Эрүүгийн хууль тогтоомжуудад тусгагдсан байдаг. Иргэний өмчлөх эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх асуудал Монгол Улсын Эрүүгийн хуулинд тусгалаа олсон байгаа. Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 9 дүгээр бүлгийн 17 дугаар зүйлд залилах гэмт хэргийн талаар, мөн ямар үйлдлийг залилах гэмт хэрэг гэх вэ, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүн ямар шийтгэл, ямар эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хуульчилсан
17.3 дугаар зүйл.Залилах
1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;
2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
3.2.олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн;
3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
Залилах гэмт хэрэг үйлдэгддэг олон арга байдаг ба тухайлбал хуурамч бичиг баримт, эд зүйлийг ашиглаж, эсвэл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит нөхцөл байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр итгүүлж, эсвэл итгэлцлийн харилцааг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгө болон эд хөрөнгө өмчлөх эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлэн авах үйлдлүүдээр илэрдэг. Энэ үйлдлээ хэрэжүүлэхдээ сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээг ашиглах, бичиг баримтыг хуурамчаар үйлдэх тохиолдол нэлээд гарч байна. Тухайлбал баримт бичиг, эрх олгосон зөвшөөрөл олгосон буюу хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ түүний хавсралт баримт бичгүүдийг хуурамчаар үйлдэж бусдыг залилах тохиолдол нэлээд бүргэгдэж байна.
Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд сүлжээний гэх тодотголтой “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар” иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэг ихээр үйлдэгдэх болсон ба хууль ёсны сүлжээний маркетинг ашиглан үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьд бараа, үйлчилгээний түгээлт, хуваарилалтын систем болох сүлжээний бизнес буюу сүлжээний маркетингийн нийгэм-эдийн засгийн мөн чанар нь борлуулж буй бараа бүтээгдэхүүн нь сүлжээний бизнес эрхлэгчид буюу худалдааны агентуудын амьдралын нэг салшгүй хэсэг болдог бөгөөд тэдгээрийг өөрсдөө өргөнөөр хэрэглэж, бусдад түүнийгээ сурталчилж, хэрэглээнд татан оруулсаныхаа төлөө хөнгөлөлт, урамшуулал авдагт оршино. Тэгвэл пирамид тогтолцооны арга нь: 
    1. Борлуулалт хийхээс гишүүн элсүүлэх нь илүү чухал. Үйл ажиллагаа нь бараа бүтээгдэхүүний борлуулалтанд бус шинээр гишүүн элсүүлэхэд голлон чиглэгддэг. 
    2. Элсэлтийн хураамж хэт өндөр. Үүнийг сургалтын материал, эсвэл онцгой бүтээгдэхүүнээр өнгөлөн далдалсан байдаг.
    3. Шууд худалдааны нийгэмлэгийн мэргэжлийн ёс зүйн дүрэмд зааснаар хүн сүлжээнээс гарахыг хүссэн тохиолдолд түүнд байгаа сүүлийн 1 жилд авсан, борлогдоогүй барааны үлдэгдэл, сургалт, сурталчилгааны материал зэргийг тэдгээрийн үнийн дүнгийн 90%-иас доошгүйгээр компани буцаан авах журамтай байдаг байна. Тэгвэл пирамид тогтоолцооны арга нь Бараа бүтээгдэхүүний үлдэгдлийг буцааж авдаггүй.
    4. Бараа бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчид зориулж борлуулдаггүй. Хууль ёсны сүлжээний бизнест чанартай, онцгой бараа бүтээгдэхүүнийг хүмүүсийн хэрэглээнд зориулан нийлүүлж, тэдгээрийн хэрэгцээ шаардлагыг хангах замаар хэрэглэгчийн зах зээлийн бүрдүүлдэг бол луйврын пирамид тогтолцооны нөхцөлд хүмүүсийн хэрэгцээг хангах нь гол нь биш, харин ямар нэг аргаар гишүүн элсүүлэх нь чухал байх ба бараа бүтээгдэхүүнийг зөвхөн өнгөлөн далдлалт  маягаар ашигладаг зэрэг аргаар ялгагдаг.


ХОВД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН
МӨРДӨН БАЙЦААХ ТАСАГ

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ