Б.БАЯРСҮХ: Бид 2019 оныг “Ил тод, нээлттэй, хамтын ажиллагааны жил” болгон иргэд олон нийтэд түргэн шуурхай үйлчлэх зорилт дэвшүүллээ



Орон нутгийн иргэдийн дунд багагүй шүүмжлэлтэй байгаа газрын асуудал болон барилгын чанарыг сайжруулах, стандартыг мөрдөхөд Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын Газраас 2019 онд ямар шинэ бодлого, зорилт дэвшүүлэн ажиллах талаар шинээр томилогдсон тус байгууллагын дарга Б.Баярсүхээс тодрууллаа.

- Та шинэ ажил хүлээн аваад удаагүй байгаа, ажлаа юунаас эхлэв?

-Тус байгууллагын үйл ажиллагаа, холбогдох шийдвэрүүд, иргэдийн санал хүсэлт, гомдол зэргийг судалж үзлээ. Хамгийн эхлээд бодогдсон зүйл гэвэл, манай байгууллага хоёр үндсэн чиглэлтэй. Газар, барилга энэ хоёр чиглэлээр төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэхэд анхаарч, сайжруулах ил тод нээлттэй болгох зорилт дэвшүүлж байна. Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлж, бусад байгууллагуудтай уялдаа холбоогоо сайжруулна. Иргэдийн өргөдөл, санал хүсэлтийг шийдвэрлэх процессыг хурдасгахад анхаарч ажиллана гэж бодож байна.

-Газар олгох, эзэмшүүлэхтэй холбоотой иргэдээс нэлээд гомдол, санал байдаг. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

 -Манай байгууллага аймгаас дэвшүүлж байгаа “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөр, Засгийн газраас энэ жилийг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний жил болгон зарласантай нэгдэж, төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, нээлттэй, шударга, хүнд сурталгүй үзүүлнэ. Тус байгууллагатай холбоотой авилга, хээл хахууль, хүнд суртлын талаар иргэд шүүмжлэлтэй байдаг. Иргэд хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутмаг байгаас, нөгөө талдаа аймгийн төвд иргэдийн эзэмшилд олгох газар байхгүй учраас энэ асуудал яригдаж байна. Мөн барилгын техникийн хяналт хийхэд манай байгууллагын хүн, хүч, хөрөнгө санхүү дутагдалтайгаас гүйцэтгэгч байгууллагатай ашиг сонирхолтой мэт харагдаж байна. 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын 8 дугаар хуралдаанаар хэлэлцэн баталсан. Иргэд юунд бухимдаж байгаа вэ гэвэл, газар эзэмших, өмчлөх асуудал нь удаан шийдэгддэг, эсвэл огт хариу өгдөггүй. Удааширч байгаа шалтгаан нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хот хөгжлийн төлөвлөгөөтэй уяалдуулан боловсруулж аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулдаг. Зарим иргэдийн хүссэн газар өндөр хүчдэл инженерийн шугам сүлжээний улаан шугамтай давхацдаг. Өөрөөр хэлбэл, хот хөгжлийн төлөвлөгөө /2030 он/ зөрчдөг. Нөгөө талаасаа манай байгууллага Улсын бүртгэлийн шинэчилсэн хуулийн дагуу Улсын бүртгэлийн хэлтсээс Е дугаар авдаг. Энэ нь гэрчилгээнд бичигдэг болсон. Иргэдийн ирүүлсэн материалыг бүртгээд цахим хэлбэрт оруулаад, Улсын бүртгэлийн хэлтэст илгээж, тус хэлтэс хянаж үзээд Е дугаар өгсний дараа манай байгууллагад ирдэг. Энэхүү цахим системийн өөрчлөлтөөс шалтгаалаад хугацаа удаашралтай байгаа. Мөн ланд менежер программыг байгууллагадаа нэвтрүүлсэн. Ингэснээр хөдөө орон нутагт интернетийн сүлжээний хурд холболтоос шалтгаалаад удаашралтай байдаг. Иргэд ирээд мэдээллээ авах гэдэг, нөгөө программ нь ачаалаад байдаг. Ийм тохиолдол ажиглагдаж байна. Цаашид төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа, хандлага, үйлчилгээг сайжруулахад анхаарч ажиллана. Иргэдэд ажил, үйлчилгээнийхээ талаар зөв ойлголт өгөх, иргэдийн санал хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэхэд анхаарч байна.

-Барилгын тухайд, Ховд хотод ийш тийшээ харж баригдсан, стандартын бус барилгууд цөөнгүй байдаг. Чанаргүй барилгууд их байна гэж яригддаг. Энэ асуудлыг хэрхэн цэгцлэх вэ?

-Бид барилгын чанарыг сайжруулах зорилгоор барилгын салбарын компаниудтай анхан шатны уулзалт хийж, асуудлыг тал бүрээс нь ярилцаад байна. Аймгийн Засаг даргын дэргэд техникийн мэргэжлийн орон тооны бус зөвлөлийг аймгийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлэн байгуулсан. Энэ зөвлөл барилгын техникийн нөхцөл олгох тухай асуудлыг 7 хоногт нэг удаа хуралдаж шийдвэрлэдэг. Мөн нэг цонхны үйлчилгээнд оруулсан гэж болно. Иргэн, байгууллага, аж ахуй нэгж барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, техникийн нөхцөлийг манай байгууллагад хандаж хүсэлт гаргана. Бид техникийн нөхцөл өгөх, эхлэх зөвшөөрөл олгох асуудлыг хангагч инженерийн байгууллагатай хамтран зохион байгуулж зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэнэ. Ингэснээр төлөвлөлтгүй, зохион байгуулалтгүйгээр олноор баригдаж байгаа барилга, тэдгээр барилгын дутагдалтай талуудыг эерэг төвшинд шийдвэрлэх боломж бүрдэж байна. Одоо яригдаад байгаа барилга, орон сууцны шугам сүлжээ, дулаан хангамжийн доголдол байхгүй болно гэж үзэж байна.
Сүүлийн үед барилгын компаниуд барилгаа эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, барилга баригдаж дуусаад ашиглалтад орохын өмнө техникийн нөхцөлөө нөхөж авдаг. Мөн барилгын лабораторийн дээж материалаа орхигдуулдаг, бичиг баримт зөрчилтэй зэрэг дутагдалтай тал байгаа. Энэ асуудлыг ч мөн шийдвэрлэх боломжтой. Тэгэхээр миний хувьд барилгын материалын нэгдсэн үйлдвэртэй болох нь зүйтэй гэсэн бодол, саналыг дэвшүүлж байгаа юм. Ингэснээр байгалийн түгээмэл тархацтай ашигт малтмалыг нэгдсэн орд газраас олборлодог. Тухайн орд газраас гарч байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалыг лабораторийн шинжилгээнд хамруулж, хяналтыг сайжруулна, улмаар барилгын материалын чанар сайжрах боломж бүрдэнэ гэж ойлгож байна. Тухайлбал, бетон зуурмагны чанар муу байгаа учраас шинэ баригдсан барилгууд ан цав гарах, цуурах гэх мэт чанаргүй материалаар хийсэн байдаг нь бидний нүдэнд илт байдаг. Иргэд өндөр үнээр орон сууц худалдан авч, ипотекийн зээлд хамрагдаж өөрийн гэсэн байртай өмчтэй болох гэж зүтгэж байхад, тэдний өндөр үнэ ханшаар авсан байр чанар, стандартын шаардлага хангасан байх ёстой. Энэ үүднээс түгээмэл тархацтай ашигт малтмалын нэгдсэн ордтой, барилгын техникийн хяналтыг эхнээс нь үе шаттай мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хийж, чанарыг нь сайжруулах шаардлага бий болж байна. Мөн мэргэшсэн инженерүүдээр барилгын техникийн хяналт хийх ажлыг зохицуулах журам боловсруулж байна. Барилгын хяналтын ажил сайжруулах замаар чанарыг сайжруулна гэсэн зорилт дэвшүүлж байна.

-Энэ онд аймгийн хэмжээнд 57 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийх төлөвлөгөөтэй байгаа. Эдгээр ажлыг Орон нутгийн компаниудаар гүйцэтгүүлэхээр төлөвлөж байгаа гэж сонссон. Энэ талаар...?

-Тиймээ. Бид орон нутгийн компаниудаа дэмжихийн зэрэгцээ барилгын салбарын чадварлаг боловсон хүчний цар хүрээг өргөжүүлэх, түргэвчилсэн сургалт зохион байгуулах тал дээр мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах бодолтой байна. Ингэснээр аймаг орон нутгийн эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх болно. Мөн барилгын компаний ажилтнуудын ур чадвар дээшилж, тоног төхөөрөмж, хөрөнгө санхүү нь нэмэгдэнэ гэж үзэж байна. Одоогоор мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтарч ажиллах ажлын төлөвлөгөө гаргасан. Мөн мэргэшсэн инженерүүдээр хяналт хийлгэх баг ажиллуулах журмыг боловсруулж батлуулахаар ажиллаж байна.

 -Танай байгууллагын цементийн шинжилгээний лаборатори хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Манай лаборатори хүн хүч, техник тоног төхөөрөмжийн дутагдалтай байгаа. Одоогоор бетон бусад барилгын материалын дээж, шинжилгээ сорьцыг авч байна. Лаборатори нь хоёр дахь удаагаа итгэмжлэгдсэн. Тоног төхөөрөмж нэмэгдүүлэх, лабораторийг хөгжүүлэх, өргөжүүлэх зэрэгт БХБЯ, аймгийн ЗДТГ-т хүсэлт тавьж анхаарч ажиллаж байна.

-ГХБХБГазар 2019 онд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна, байгууллагын шинэ зорилтоос сонирхоё?

-Манай хамт олон 2019 оныг “Ил тод, нээлттэй, хамтын ажиллагааны жил” болгон зарласан. Байгууллагын үндсэн чиглэлийн ажлуудаас гадна орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц сайн санааны аян, шинэ санаачлагыг өрнүүлэхээр төлөвлөж байна. Жишээлбэл, Өрхийн орлого багатай айлд хамт олноороо нэгдэж туслах, газар өмчилж авч чадаагүй байгаа айл өрхөд тодорхой газар эзэмшүүлэх, олгоход анхаарах, түүнд харилцагч байгууллагуудтайгаа хамтран хашаа барьж өгөх зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Жаргалант сумын хэмжээнд хаягийн шинэчлэл хийж, айл өрхүүдийг хаягжуулах, гудамж талбай, хашааг нэг загварт, нэг стандартад оруулахад анхаарч ажиллана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон төрийн үйлчилгээг байгууллага дээр ирж авах боломжгүй иргэдийн гэрт нь очиж үйлчилгээ үзүүлэх, сум, баг, малчны хотонд очиж үйлчлэх системийг нэвтрүүлэх ба Нээлттэй хаалганы өдөр үйл ажиллагаа зохион байгуулна. Буянт гол дагуу хууль бусаар тор татсан зарим газрыг албадан буулгах, таслан зогсоох ажлыг зохион байгуулна. Барилгын газар хөдлөлтийн тэсвэртэй байдлыг хангахад анхаарах бөгөөд барилгыг паспортжуулах ажлыг энэ онд зохион байгуулахаар төлөвлөж байна. Бусад төр болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг сайжруулна. Иргэдийн санал хүсэлтийг цаг алдалгүй хүлээн авах зорилгоор тусгай утас ажиллуулна. Холбогдох хууль, тогтоомж, шийдвэрүүдийн талаар иргэдэд байнгын мэдээлэл хүргэх, сургалт зохион байгуулах зэрэг нэлээд ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэхээр болсон.

-Ярилцсанд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье...

                                                                                                                                                                          Н.Лхагва

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ