УИХ-ЫН ГИШҮҮН О.БАТНАСАН ЭРДЭНЭБҮРЭНИЙ УЦС-ЫН ТӨСЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ЛОББИ БҮЛГИЙГ САНААЧЛАН БАЙГУУЛАВ


“Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг дэмжих” лобби бүлгийг УИХ-ын О.Батнасан санаачилан УИХ-ынгишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Ц.Цогзолмаа, Б.Батзориг, Н.Цэрэнбат, Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир, Х.Нямбаатар, Д.Сарангэрэл, Л.Энхболд нарын гишүүдтэй хамтран байгуулсан тухай албан бичгээ УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүллээ. Тус лобби бүлэг нь Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг цаг алдалгүй эхлүүлэх, тус төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах болон хэрэгжүүлэх ажлын явцад хөндлөнгийн хяналт тавих, төслийг байгаль орчинд хор хөнөөлгүй болон эдийн засгийн үр ашигтай байх байдлыг хангуулах тал дээр УИХ-ын эрх мэдлийн хүрээнд шаардлагатай бүхийл арга хэмжээг авч ажиллах зорилготой юм. 
Монгол улсын Баруун бүсийн эрчим хүчний систем нь нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 70 гаруй хувийг ОХУ-аас, 2 орчим хувийг БНХАУ-аас импортоор тус тус авч, үлдсэн 20 орчим хувийг Дөргөний УЦС-аас авч байна. ОХУ-ын импортын 1кВт. цаг эрчим хүчний үнэ нь дотоодын ганц эх үүсвэр болох Дөргөний усан цахилгаан станцын үнээс даруй 6-7 дахин өндөр үнэтэй байгаа бөгөөд импортын эрчим хүчний үнийн зөрүүг хаахын тулд жил бүр улсын төсвөөс 7-8 тэрбум төгрөгийн татаасыг Баруун бүсийн эрчим хүчний системд олгож байна.
Ойрын жилүүдэд Баруун бүсийн эрчим хүчний системийн эрчим хүчний хэрэглээний жилийн өсөлт дунджаар 8- 10 орчим хувь байх төлөвтэй байна.
Баруун бүсийн эрчим хүчний системийн эрэлт хэрэгцээг хангах, хомсдол гарахаас урьдчилан сэргийлэх, цахилгаан эрчим хүчний импортыг орлох, өвөл, зуны улиралд оргил ачааллын горимын тохируулга хийх 64 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Ховд гол дээр барьж байгуулах тухай асуудал 2010 оноос эхлэн яригдаж, УИХ болон Засгийн газрын холбогдох эрхзүйн баримт бичгүүдэд тусгагдаж ирсэн хэдий ч бодит ажил хэрэг болоогүй ба харин Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ оны 3-р сард Ховд аймагт ажлын айлчлал хийх үеэрээ тус төслийг даруй хэрэгжүүлж эхэлнэ гэдгийг албан ёсоор мэдэгдсэн билээ.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьснаар импортын эрчим хүчний хараат байдлаас гарах төдийгүй Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай аймгууд эрчим хүчээр бүрэн хангагдаж, илүүдэл эрчим хүчээ төвийн эрчим хүчний системд нийлүүлэх юм.  
Эрчим хүчний найдвартай хангамжаар дамжуулан үндэсний аюулгүй байдлыг хангах, улмаар улс орны бие даасан хөгжил цэцэглэлт, баруун бүсийн ард иргэдийг хямд, найдвартай эрчим хүчээр хангах стратегийн онцгой ач холбогдолтой тус Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станцын төслийг цаг алдалгүй эхлүүлэх, тус төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах болон хэрэгжүүлэх ажлын явцад хөндлөнгийн хяналт тавих, төслийг байгаль орчинд хор хөнөөлгүй болон эдийн засгийн үр ашигтай байх байдлыг хангуулахад чиглүүлэх зорилгоор “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг дэмжих”лобби бүлэг ийнхүү байгуулагдлаа.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ