УИХ-ын гишүүн О.Батнасан Эрүүгийн хуулиар Насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байгаа нөхцөл байдал нь практик дээр хэрэгжихэд хүндрэлтэй байгаа учраас дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл дээр ажиллаж байна.
Эрүүгийн хуулийн насанд хүрээгүй хүүхдэд хүлээлгэх үүрэг хариуцлага нь амьдрал дээр хэрэгжихэд хүндрэлтэй байгаа тухай түүнд тойргийн иргэд сонгогчдоос нь санал, гомдол багагүй ирдэг.
Учир нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-иар гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг өмнөх хуулиас дордуулж зохицуулсан нь практикт нэлээдгүй асуудал дагуулаад байгаа билээ. Одоо мөрдөгдөж байгаа энэхүү хууль нь 18 нас хүрээгүй хүүхдийг аль болох хорихоос өөр ялаар шийтгэх хувилбарыг баримтлах олон улсын гэрээ, конвенци, пактын зарчимд нийцээгүй асуудал болоод байна.
Тухайлбал, 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдийн хувьд гэмт хэргийн ангилал харгалзахгүйгээр “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх”, “хорих ял оногдуулах шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зэрэг зохицуулалт байсанб ол 2015 онд шинэчилэн батлагдсан Эрүүгийн хуулиар эдгээрийг зөвхөн “хөнгөн гэмт хэрэг” гэж хязгаарлан, дараах байдлаар зохицуулсан болно.
Үүнд: - Эрүүгийн хуулийн 8.1 дэх “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл” зүйлийн 4 дэх заалт “Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй” - Эрүүгийн хуулийн 8.6 дах “Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зүйлийн 1 дэх заалт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дах хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” - Эрүүгийн хуулийн 8.7 дах “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” зүйлийн 1 дэх заалт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” Эрүүгийн хуулиар гэмт хэргийг “хөнгөн” ба “хүнд” хэмээн ангилж буй ангилал нь насанд хүрэгсдийн үйлдэж буй гэмт хэргийн шинж чанар, хор хохирол болон бусад шинж чанарыг нь үндэслэж ангилсан ангилал бөгөөд үүнийг насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэгт шууд хамааруулан авч үзэх нь учир дутагдалтай юм.
Гэтэл хүүхдийн үйлдэж буй гэмт хэргийн ихэнх нь оюун санаанд нь нийгэмд харш үзэл бодол хэвшил болон тогтсоноос шалтгаалаагүй, харин тухайн цаг үеийн нөхцөл байдал, болж буй үзэгдлийг зөв үнэлж, түүнтэй холбогдуулж өөрийнхөө явуулж буй үйлдлий ннийгмийн хор уршгийг богино угацаанд бүрэн гүйцэд ойлгож, үнэлэх дадлага туршлага, чадвар дутсантай холбоотой байдаг байна. Иймээс ч олон улсын хэмжээнд “насанд хүрээгүй хүүхдийн шүүн таслах ажиллагаа” гэх нэр томъёог хэрэглэж, гэмт хэрэгт яллагдаж, сэжиглэгдэж байгаа хүүхдийн шүүх ажиллагаа гнасанд хүрэгсдийн ерөнхий процессоос ялгаатай хэрэглэдэг байна.
Тиймээс нийгэм, амьдрал дээр хэрэгжихэд хүндрэлтэй байгаа энэхүү хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулж дууссан байгаа юм. Одоогоор уг хуулийн төсөл санал асуулгын түвшинд яваа бөгөөд удахгүй УИХ-аар хэлэлцэгдэх юм гэж УИХ-ын гишүүн О.Батнасангийн ажлын албанаас мэдээллээ.