Бөх сонины 2017 оны отгон дугаарын зочноор Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар спорт хороо, Монтел констракшны бөх, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий уригдаж ярилцсан юм…
-Сумын цолтнуудын барилдаан тогтмол ирж үзэх юм аа?
-Би бөхийн өргөөнд болсон ямар ч барилдааныг алгасахгүй үзэх дуртай. Тэрдундаа сумын заануудын барилдаан гоё ш дээ. Үзүүштэй. Аймгийн арслан байхдаа ч байнга ирж үздэг байсан. Манай улсын цолтнууд сумын заануудын барилдаан үзэж харагддаггүй. Ер нь үзэж баймаар санагддаг. Өөрөө сумын заанд барилддаг байсан үеэ дурсаад ч тэр юм уу, үзэхэд нэг л сайхан байдаг юм. Хамгийн гоё барилдаан гардаг байхгүй юу. Жин масс нэмээгүй, хурдтай, уртай. Улс аймгийн цолтнуудын барилдаан бол яахав. Өөрөө дотор нь ороод барилдаад явчихаж байгаа. Улс, аймгийнхны барилдаан бол ерөнхийдөө зогсонги байдалтай ш дээ. Золгоо, барьц сонгоо хүлээсэн. Тэгээд ч бид нарын барилдааны нэгийн даваанд ихэвчлэн сумын заан таарна. Сул сумын заан гэж одоо байхгүй болсон цаг. Бүгд л чанга. Дор хаяж шөвгөрдөг заанууд бидний аманд ирж байгаа юм чинь. Барилдааныг мэдэхгүй дор даваанд унах магадлал байна. Би бас үзэгчдийг “Ийм гоё барилдаан болж байхад ирж үзэхэд яадаг байна аа” гэж гайхдаг. Манайханд нэг тийм дутагдал байна. Улс, аймаг, чансаа өндөр 128 гэхээр өргөө дүүрчихдэг. Сумын заануудын барилдаан гэхээр бараг үзэгчгүй. Хүн буолгон том цолтой төрөөгүй ш дээ. бүгд л сумын заан байж үзсэн. Бүгд л энэ цолыг дайраад өнгөрдөг гэж боддог. Тэгээд бодохоор сумын зааны барилдаан гоё шүү.
-Харцага өөрөө сумын цолтны барилдаанд хэд түрүүлсэн билээ?
-Бөхийн өргөөнд бол 2013 оны цагаан сарын барилдаанд үзүүрлэж байсан. Одоо аймгийн арслан Бүрнээгийн Баянмөнх бид хоёр 512 сумын заанаас түрүү булаалдаад би үзүүрлэсэн. Хавар нь хаалтын сумын заанд түрүүлсэн. Золбоо, Пүрэвгарьд бид гурав үлдээд тойрч барилдаад би түрүүлж байсан. Намайг сумын заанд барилдаж байх үед дан ганц бөхийн өргөөнд гэлтгүй энд тэнд зөндөө барилдаан болдог байж. Багануурт, Налайхад, Төв аймагт, бас хотод ХААИС дээр бас болно. Тэр барилдаануудыг оруулаад 6-7 түрүүлсэн байх аа. Бөхийн өргөөнд бол 1 түрүүлж, 1 үзүүрлэсэн юм байна.
-Сумын заан цолоо, хэзээ хаана авсан бэ?
-2009 онд Ховд аймгийн Чандмань суманд түрүүлж сумын заан болсон.
-Тэр үед бэлтгэл хийгээд эхэлчихсэн байв уу?
-Эхлээгүй байсан. Гэхдээ миний бөх болох мөрөөдөл бол бага байхаас эхэлсэн дээ. Би хөдөө мал дээр байж байгаад л сумын заан болсон. Намайг бага байхад хүмүүс бөх болно л гэдэг байсан. Би ч өөрөө бөхийн хорхойтой. Хаана ч, хэнтэй ч барилдана. Миний өмд ер тэсэхгүй. Ээж арай бөх байх гээд жинсэн өмд аваад өгнө. Дандаа оёдолгүй газраар нь урагдана. Тэлээний түдүүл бол байнгын тасраастай. Ээждээ загнуулна, оёулна. Заримдаа өөр газар нуугдаж очиж оёулна. Үеийнхнийгээ ихэвчлэн хаячихна. Ах нартай бас барилдана. Манай аавын төрсөн дүү нь сумын заан цолтой. Тэр ахтайгаа их барилдана. Манай бэргэн “Чи Өлзийг хаяхгүй ээ” гэнэ. Гэхдээ би ахыгаа бардаггүй л байсан. Тэр жилээ сумынхаа таван бригадын /баг/ өдөрлөгт барилдсан чинь тавууланд нь түрүүлдэг юм. Тэгээд “за сумын заан болчих юм байна” гээд сумынхаа наадамд барилдсан чинь дөрвийн даваанд уначихлаа. Маргааш нь Чандмань сумын наадам болно гэж дуулаад оройдоо гараад л давхичихсан. Гэхдээ их гоё явж байгаа юм аа. Хойноо суудалгүй цемент, шохой ачсан пургонд суугаад цемент, шохойтой холилдсон нөхөр л очсон. Тэгээд Чандманьд барилдсан чинь түрүүлээд сумын заан болж байлаа. Тэгээд л хот орж бөхийн сургуульд сурч бөх болъё гэж зорьсон доо.
-Хотод орж ирээд хаана, хэрхэн бэлтгэл хийж эхлэв?
-Би чинь 2010 онд Шонхор дээд сургуульд ороод бэлтгэл хийж эхэлсэн хүн шүү дээ. Гэхдээ оюутан байхдаа бэлтгэл гэж юу байдгийг эхний 2-3 жил мэдрэлгүй явсан шүү. Ар гэргийн боломж бололцоо тун муу. Бэлтгэл гэхээс илүү ажил олж хийх л чухал байдаг байсан, надад. Одоо эргээд бодохоор бөх рүү ороод 8 жил болсон хэрнээ яг махаа зовоож бэлтгэл хийсэн нь сүүлийн 4-5 жил л байна. тэр үед дагуулаад, шахаад бэлтгэл хийлгэчих хүн ч байсангүй. Оюутны амьдрал бол хэцүү шүү дээ.
-Ямар ажил хийх вэ?
-Янз бүрийн л ажил хийнэ ш дээ. арай ч зөөгч энэ тэр хийж байгаагүй ээ /инээв/. Ихэвчлэн хамгаалалтын л ажил олддог байсан даа. Бөх рүү орохоос өмнө амархан юм шиг санагддаг байлаа. Яг бөх рүү ороод ирэхээр цол гэдэг зүйл авна гэдэг тун хол санагдсан. Ямарч байсан аймгийн начин л болчих юмсан гэж бодогдож байгаа юм чинь. Харин одоо бол хүн үнэхээр хөдөлмөрлөж чадвал цол хурдан хурдан ахиж, амжилт ирдэг юм байна гэж мэдэрсэн. 2012 онд би сумын заанд чуу ай л нэг давдаг сумын заан байлаа ш дээ. 2013 оны намраас бэлтгэлээ эрчимжүүлээд сайн хийсний дүнд сумын заануудын гэлтгүй бусад барилдаанд чсайн үзсэн. Улс, аймаг, аймаг цэрэгт ч өлхөн хоёр давчихдаг болсон. Хүн чинь шунаг сэтгэлтэй ш дээ. Цол нэмэхийн хэрээр улам шунаад л. Эхлээд цэргийн начин болоод, аймгийн харцага болоод, бушуухан л аймгийн арслан болъё гэж мөрөөдөөд л, аймгийн арслан болсон чинь улсын цол авна гэж мөрөөдөөд, одоо улсын цол авсан чинь одоо улсын наадамдаа түрүүлнэ, арслан, аварга болно л гэж мөрөөдөж байгаа ш дээ. Боломж байгаа л гэж бодож байгаа. Бөхийн цол гэдэг хөдөлмөр, хөлс дагаж ирдэг юм байна гэж би боддог. Тууштай хийсэн хүн бол том цолонд хүрнэ. Цолондоо, мөрөөдөлдөө ханаж болдоггүй юм байна гэдгийг ойлгосон. Энэ том цолонд хүрсэн бөхчүүдийг харж байхад хэн уйгагүй хөдөлмөр хийнэ, тэр л том цолд хүрч байна. Ер нь спорт гэдэг залуу насынх. Богинохон. Тэр хугацаандаа тууштай хөдөлмөрлөөд том амжилтанд хүрэхийн төлөө чармайх ёстой гэдгийг бүрэн ухамсарласан. Тэгэхгүй 40 хүрчихээд би тэгэх байсан гэж харамсаад суувал утгагүй ш дээ.
-Аймгийн арслан байхдаа “улсын наадамд түрүүлэх зорилготой” гэж манай сонинд ярилцлага өгч байсан даа. Тийм том мөрөөдөлтэй улсад барилдаад харцага болох үед цол нь чамлалттай санагдах юм уу?
-Би улсын наадамд хоёр дахь жилээ барилдаад улсын харцага цол авсан. 2015 оны наадмаар аварга Санжаадамбыг заан цолтой байхад нь дөрвийн даваанд таараад унаж байлаа. Тэгээд 2016 онд харцага болсон. Ерөнхийдөө шууд барилдаад түрүүлчихнэ гэсэн мөрөөдөл арай ч байгаагүй ээ. Урдаа тавьсан зорилго маань улсын наадамд түрүүлэх байхгүй юу. Бөхөөр барилдаж байгаа хүн болгоны л мөрөөдөл байх. Гэхдээ хэрийн аавын хүү очоод байдаггүй амжилт шүү дээ. Ямар ч байсан бөхийн спортыг сонгоод барилдаж байгаа хүний хувьд улсын наадамд түрүүлж үзэх, цаашлаад аварга болох гэдэг бол хамгийн чухал, хамгийн том мөрөөдөл, зорилго минь юм даа. Мэдээж харцага болох тэр мөч үнэхээр гоё л юм билээ. Би чинь аймгийн арслан цолноос шууд 6 давсан. Тэр хүртэл наана нь олон даваа байна. Төрийн наадамд тав даваагүй байж аварга болно, түрүүлнэ гээд онгироод байж бас болохгүй. Ямар ч байсан даваа болгондоо хянуур нягт барилдсан. Тав давахаар өөрийн эрхгүй уужирдаг юм билээ. Ямар ч айх юмгүй, хэнтэй ч үзнэ гэсэн сэтгэл зүйтэй… Яагаад гэвэл нэг шат ахичихсан. Гэхдээ тав даваад цол авчихлаа гээд би тайвшираагүй. Нэг л гоё уужираад, биеэ барих юмгүй, нерв арилаад хэн ч амалсан сайхан барилдана л гэж бодсон.
-Зургаа дээр Анартай тунасан байх аа?
-Тэгсэн. Урьд нь унаж байсан хүнтэйгээ тунавал бас эвгүй л дээ. Би Анар начинтай өмнө ганц хоёр таараад давж байсан. Тийм болохоор давна гэсэн итгэлтэй. Хоёулаа сайхан улсын начин болчихсон үеийн залуус. Бодож санах юмгүй сайхан л үзсэн. Анар бол үнэхээр сайн байсан. Тав дээр Мөнгөнбаатар арсланг тунаж даваад. Би Амарзаяа начинг давж начин болсон.
-Эрхэмээ аваргын шавь гэхээр тэр үед Сүлдийн бөх байл уу?
-Үгүй ээ. Би чинь Алдарын бөх. Хувиараа л 3-4 жил Эрхэмээ аваргыг дагаж бэлтгэл хийсэн юм.
-Тав давах, зургаа давах хоёрт ялгаа байсан уу?
-Чанарын ялгаа бол байна л даа. Тухайн агшинд бол тийм юм бодогдохгүй. Гэхдээ л даваа ахих тусам урам авч, өөртөө итгэх итгэл нэмэгддэг юм билээ. Барилдаан задгайрна. Өөртөө 70 хувь итгэж байсан бол 80 хувь болж нэмэгдэх ч юм уу. Дараагийн даваанд яах бол гэсэн эргэлзээ бол хэрэггүй эд л дээ.
-Багшийгаа давна гэсэн сэтгэл зүйтэй барилдаж чадсан уу?
-Багштай барилдахдаа төлөвлөсөн юмаа хийж үзсээн. Гэхдээ үнэнийг хэлэхэд яг давна, хаяна гэж бодож чадаагүй ээ. Багшийг авчихна ч гэж бодоогүй байсан.
-Сэтгэл зүй бол өндөр байх аа. Нэг их бэргээд, ухраад байгаа тал ажиглагддаггүй?
-Ер нь сэтгэл зүй гайгүй шүү. Нэг их хүнээс бэргэж бариад байх юм байхгүй ш дээ. Чамайг ямар сүхээр цохиод алах гэж байгаа биш… гэж багш хэлдэг байсан. Адилхан л хөл гартай хүн ш дээ. Юу дутна гэхэв.
-Ийм өөртөө итгэлтэй, дайчин чанар төрөлхийнх үү, бөхөөр хичээллэснээр олж авсан уу?
-Янз бүрийн л асуудалтай холбоотой. Нэг бол тэр хүн нэг их нервтэй байж байгаад цол аваад тайвшираад өөртөө итгэх итгэл төрдөг ч юм уу, эсвэл төрөлхийн тийм характертай байж болно. Би бол ерөнхийдөө нэлээд ичимтгий, биеэ баримтгай, бүрэгдүү хүүхэд байлаа. Гэхдээ барилдааны үед нерв бага. Ер нь нерв гэдэг өөрөө өөртэйгээ харьцах харьцаа, орчиноо мэдрэх мэдрэмж юм шүү дээ. Нервийг засч болдог. Өөрийн сэтгэл зүйтэй л холбоотой асуудал. Энэ тал дээр өөрийгөө гайгүй өөрчилж чадаж байгаа гэж боддог. Ерөнхийдөө биеэ бэлдчихээд сэтгэлээ бас цуг бэлдэхгүй бол барилдаан гарахгүй. Дуучин хүн тайзан дээр гараад дуулахад биеэ бариад байвал хоолой нь гардаггүй биз дээ? Тэрэнтэй л адилхан. Тийм болохоор өөрийгөө тодорхой хэмжээнд нээж, чөлөөлж чадсан гэж бодож байгаа.
-Энэ жилийн наадмаар мэдээж цолоо ахиулъя гэж бүх л боломжоороо үзсэн байлгүй?
-Дор хаяхад цолоо баталж барилдана л гэж бодсон. Гэтэл дөрвийн даваанд Лха-Очир начинд унасан. Наадмын бэлтгэлээ аварга багштайгаа сайхан л базаасан. Бөхийн дэвжээ түших хүнээ л түшнэ шүү дээ. Ноднингийн хувьд бэлтгэлээ 100 хувь санасандаа хүртэл хийж ч чадаагүй, санаснаараа сайхан барилдаж ч чадаагүй. Лха-Очир начин ч үнэхээр сайн байсан. Тавын даваанд үзүүр бөхөд унасан шүү дээ. Нэгэнт л уначихсан юм чинь, гэхдээ бас харамсал байлгүй л яахав. Би тэр дор даваанд өөрөөсөө бага цолтой хүнд унана гэдэг миний л буруу шүү дээ. Унана гэдэг алдаа байгааг харуулж байгаа хэрэг. Бас унах тийм ч муу зүйл биш байх. Яаж унаад байна гэдэгтээ л дүгнэлт хийх чухал. Одоо ч нэг үеийг бодвол цаг сайхан болчихсон. Бичлэгээ дор нь ухраагаад үзэж болж байна. Энд тэндхийн барилдааныг лайваар үзэж болж байна.
-Эргээд бодоход яаж, ямар алдаа гаргаж унасан байна, Лха-Очир начинд…?
-Бид хоёр чинь нуруу ойролцоо, масс ихтэй. Хаялцалгүй удаад золгоонд хүрсэн. Би бариа зөрөөн дээр хурдан барилдъя гэж бодоогүй. Золгоон дээрээс хаячихна л гэж бодсон. Тэгсэн золгоон дээрээс барьц их хурдан хурдан задраад… Тэгээд л шоо хаях болоход Лха-Очир начны талаар буусан. Эсрэг талд шоо буусан тохиолдолд хамгаалах л чухал. Бушуухан л салахыг, барьцыг нь тавиулахыг хичээсэн. Даанч салж чадалгүй байсаар унасан даа.
-Саяхан та хоёр дахиад барилдав аа?
-Тэгсэн. Бм амлаж даагаа нэхсэн дээ. Спорт чинь ерөөсөө өрсөлдөөн ш дээ. Дотор нэг юм байгаад л байгаа байхгүй юу. Хүмүүс ч их шордсон /инээв/. Яг тухайн үед амалчихъя гэж бодохгүй байсан ч хажуунаас хүмүүс даагаа нэхээч гээд байхаар бас хэцүү юм билээ. Дөрөв дээр нэлээд хүнд барилдаан хийчихээд тав дээр ам авах болсон чинь хамт явсан манай хоёр найз “авчихаач” гээд болдоггүй. Тэгээд амалж даагаа нэхсэн дээ.
-Ноднингийн цагаан сараас өнөөдрийг хүртэл 24 барилдааны 23-д нь барилдсан байна. Энэ бас сайн үзүүлэлт шүү?
-Намрын нээлтэнд л барилдаж чадаагүй. Би бэлтгэл муу ч байсан, сайн ч байсан зааланд байнга л барилдахыг боддог юм. Барилдахгүй болохоор “хорхой хүрээд” болдоггүй юм аа /инээв/. Аймгийн арслан болсон жилээ тохойгоо гэмтээчихээд нэг хэсэг барилдаагүй. Бусад үед бол барилдаан болж л өгвөл алгасахгүй барилдах гэж үздэг шүү.
-Амжилт ч бас дажгүй байна даа?
-Бас гайгүй ээ, хавраас хойш гурван түрүү, гурван үзүүр, дөрвөн шөвөг гээд байна, байна.
-Аймгийн арслан цолоо хаана авлаа?
-Эрдэнэтийн наадмаар авсан ш дээ. Гоё наадам болсоон. Орхоны наадам сул болдог гээд л өмнө хүмүүс хэлдэг байсан. Яг үнэндээ хамгийн чанга наадам тэнд болдог юм билээ. Бараг 10-аад аймгийн цол авчихаар чанга залуучууд очиж байгаа юм чинь. Одоо ер нь хаана ч сул наадам гэж байхаа больсон цаг. Бөх бол бараг мэргэжлийнх болчихсон. Бүх боломж байна. Төмөр өргөвөл өргөчихнө. Уураг уувал уучихна.
-Ингэхэд штангийн бэлтгэл хэрих хийдэг вэ?
-Бусадтай л адилхан хийдэг.
-Арай түлхүү хийдэг болов уу гэж хүмүүс хардаг байх аа?
-Хүмүүс харин тэгж боддог юм шиг байна лээ.
-Үзүүлэлтүүд ямар хэмжээнд байна?
-Гайгүй ээ . Гэхдээ бүр ч тийм их биш. Дундаас дээш гэх үү дээ.
-Тоон үзүүлтээ багцаалдвал …?
-Тэрийг хэлээд яах юм бэ. Мэдэх хүмүүс нь мэдэж байгаа. Би тэд эд гээд худлаа хэлвэл хэлнэ ш дээ. 300 гээд хэлчихвэл та үнэмших үү?
-Үнэмшинэ?
-Тэгэхээр харин хүмүүс бяртай байна, штангийн бэлтгэл аймаар хийдэг гэж бодоод байх шиг байдаг. Ер нь штангийн бэлтгэл их хийлээ гээд сайн барилдахгүй ш дээ. Штанг чинь дотроо олон төрөл байдаг. Бодибилдинг, пауэрлифтинг, хүндийг өргөлт гэх мэтчилэн. Тэрнээс бөхийн барилдаанд зориулсан бэлтгэл гэхээр шал өөр ш дээ. 500 кг төмөр өргөлөө гэхэд бөхийн өргөөнд тийм жинтэй хүнтэй барилдахгүй л байхгүй юу. Үсрээд л 150 кг жинтэй хүнтэй барилдана. Тийм байтал 400-500-д сууж зөөлөн эдээ даруулж яах юм. Тийм биз дээ?
-Гэхдээ л хүмүүс штангийн бэлтгэлд их ач холбогдол өгдөг болчихож. Тэгэхээр таны үзүүлэлтийг дундаас дээш гэж ойлгоход болох юм байна тийм үү?
-Тийм ээ. Боломжийн гэдэг шиг… /инээв/.
-Бас их л бяртай бөх харагддаг. Ер нь бяралхаж барилдана биз?
-Тэр ч өөрийн онцлог байх аа. Анхнаасаа л тийм байсан. Аргацааж уран барилддаг бөх гэж байна ш дээ. Тэрэн шиг бяраа ашиглаж барилддаг юм болов уу? Уран барилддаг хүмүүст бас нэг дутуу юм байж болох. Тамир бага ч гэдэг юм уу.
-Багын, төрөлхийн хар бяртай хүн үү? Бэлтгэл хийснээр бяр суув уу?
-Багын л бяртай хүүхэд байсан даа. Манай аав бол их том хүн ш дээ. Бараг 190 см. Би багаасаас хар бор ажил их хийсээн. Тэгээд өсөлт нь багасчихсан юм болов уу гэж өөрийгөө боддог юм. Гэхдээ барилдахад нэг их намдаад, хэцүүдээд байдаггүй юм аа. Хүн чинь ухаанаар, бэлтгэлээр сайн барилдаж болно ш дээ. Хоёр метр өндөр байгаад барилдаан сурахгүй бол хэцүү биз дээ? Тийм болохоор өөрийн бие бялдарт тохирсон арга барилыг олоод барилдах нь чухал юм л даа.
-Таны барилдааны давуу тал, онцлог юу вэ?
-Нэг их сандрахгүй, тайван, биеэ барихгүй, өөрийнхөөрөө барилдаж чаддаг. Бас хэт их чангарахгүй, биеэ сайн сулладаг л юм байна. Тэр л миний давуу тал юм даа. Тэгэхгүй бол ийм жижигхэн нөхрийг аваад шидээд байвал, шидээд л байна ш дээ. Бэлтгэл дээр найзууд, ах нар “гоё суллах юм аа” гэж их хэлдэг. Онцлог, давуу талаа өөрөө л бий болгох хэрэгтэй юм шиг. Би ямар бие бялдартай билээ, ямар барилдаантай билээ гэдгээ бодолцоод… Барилдааны үед догдлоод, сандраад эсвэл хөөрөөд онгироод байвал барилдаан олигтой гарахгүй л дээ.
-Өрсөлдөгчийнхөө алдааг ажиглах, мэдрэх, ашиглах тал дээр хэр вэ?
-Ер нь мэдрэгддэг шүү. Зүв зүгээр зогсож байгаа хүнийг бярдаад, авч шидээд байж бас болохгүй. Ямар нэг хөдөлгөөн хийж байж чангаруулна, хуурна, цочооно. Тэгж байж л мэхээ хийнэ дээ. Харахад нэг их бярдаад барилдаад байгаа юм шиг харагддаг байж магадгүй. Гэхдээ тэнд тодорхой хэмжээний арга эв, мэдрэмж орж л байгаа.
-Ямар бөхтэй барилдахад эвгүй байдаг вэ?
-Ер нь эвгүй хүн гэж байхгүй дээ. Эвгүй гээд бодчих юм бол нэгийн давааны хүүхэд ч гэсэн эвгүй. Тэр бол бодлын, санааны л юм.
-Одоо ямар мэхийг түлхүү хийж байна?
-Би анхнаасаал золгооны барилдаан хийгээд сурчихсан. Тэр хэвээрээ. Ер нь золгооны барилдаан хийх л сайхан санагддаг юм. Сүүлийн үед бас жаахан явж барилддаг болъё гэж бодоод л байгаа. золгоонд хүрэлгүй юм хийе гээд тэрэндээ зориулж бэлтгэл сургууль бас хийж байгаа.
-Өндөр, жин хэд вэ?
-Гуталтай үзэхээр 175-176 см болчихдог юм. Хөл нүцгэн бол 174 см байдаг. Жин 130 кг. Жин харин тогтчихсон. Нэг их нэмэгдээд байдаггүй. Аймгийн арслан байхдаа 117-118 кг орчим байдаг байлаа. Одоо 130 хүрээд тогтчихсон. Бэлтгэл яг сайхан таараад, жигдрээд ирэхээр бас 127-128 кг руу орчихдог. Ер нь 130-аас дээш нэг их нэммээргүй юм билээ. Над шиг нуруу намхан хүн. Хүмүүс жингээ янз янзаар хасдаг гэдэг. Хоол сойхоос эхлээд. Би бол хоолоо сойж ёстой чаддаггүй. Хоол багасчихаар шөрмөс татаад, ядаргаанд орно /инээв/. Тэрний оронд идсэн хоолноосоо илүү бэлтгэл хийж шатаах нь жин барих хамгийн сайн арга шиг байдаг, надад. Дөрвөн мөч тэнцүүхэн л байвал тэгээд болно доо.
-Хоолыг хэр их идэх вэ?
-Иднэ ш дээ. Гэхдээ бүр тийм аймаар их бол биш. Их гэхээсээ илүү чанартай хоол идэхийг боддог. Хоол ер нь чанартай л байх нь чухал.
-Хүмүүс бөхчүүдийг их л иддэг гэж ойлгоод байдаг?
-Одоо мань мэтийн үеийнхэн тэгж их идэхгүй ээ. Өөхнөөс бол бүр айна ш дээ. Гуанзанд ороод гуляш идэхээрээ өөхийг нь ялгаж хаячихаад явж байгаа юм чинь. Тэгээд ч гуанзны хоол нэмэргүй л дээ. Идээд бараг гарч амжаагүй байхад шингэчихнэ. Гэрийн хоол бол шал өөр. Би өөрөө хоол сайн хийнэ.
-Тийм үү? Ямар төрлийн хоол сайн хийх вэ?
-Ямар л бол ямрыг хийнэ. Би заримдаа дүүгээ тогоо дүүрэн амтгүй хоол хийлээ гээд загнадаг. Их хэмжээний амтгүй хоол идсэнээс амттай багахаан хоол идсэн нь хамаагүй дээр. Тэгэхээр хоолыг амттай хийх нь гол гэж боддог.
-Хүссэн хоолоо хүссэн үедээ хийгээд идчих авьяастай л юм байна?
-Эхнэр ажилтай завгүй үед өөрөө л хоолоо хийж иднэ. Бууз, хуушуур, цуйван, банштай цай гээд төрөл төрлөөр нь хийнэ. Хийж чадахгүй хоол бараг байхгүй ээ. Номоор нь хийнэ ээ, гурил зуурна хавтгайлна. Найз нөхөд хамт ийш тийш явахаар бэлэн гурил, гоймон авч яваад хийе гэхээр нь би “Үгүй ээ, бэлдээд хийнэ” гээд л хийчихдэг. Энэ ерөөсөө гэрийн хүмүүжил л дээ. Би айлын том болоод ч тэрүү багаасаа бие даагаад бүх юмаа хийгээд сурчихсан. Манай аав ээж чинь мундаг ажилсаг хүмүүс байдаг.
-Эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Би айлын том. Дороо гурван дүүтэй. Ам бүл зургуулаа.
-Бөхийн удам бий юу?
-Сүртэй удам байхгүй ээ. Гэхдээ сум орон нутагтаа барилддаг хүмүүс бол бий, бий.
-Зэрэг сумын анхны улсын цолтон болсон билүү?
-Тэгсэн. Түүхэндээ улсын цолтонгүй. Аймгийн цолтон бол хэд байгаа. Ер нь бөх цөөтэй. Цөөхөн ч чанартай гэх юм уу. Мундаг мундаг сумын заанууд бол бий. Дээр үед Тулгаа заан, Намсрайжав харцага гээд улсын цолтой бөхчүүд очихоор аваа өгөөтэй барилддаг байсан гэсэн. Тэр үед нь татдаг, дагуулдаг хүн байхгүй болохоор хот хүрээ орж чадахгүй нутагтаа л барилдсан болов уу. Тийм болохоор би одоо өөрөө барилдахаас гадна нутаг орноосоо бөх болох хүүхэд байвал дагуулъя, тусалж дэмжье гэж их боддог юм. Миний нэг эрэгтэй дүү барилдаж байгаа. Одоогоор сумын заанд л үзээд байгаа. Дөнгөж эхэлж байгаа болохоор хэр бөх болох нь сайн мэдэгдэхгүй л байна. Одоо 18 настай. Өөрөө мундаг бөх болно л гэсэн байгаа.
-Танай сум чинь Монгол улсын Еөрнхийлөгч төрсөн сум гэдгээрээ бас бахархана биз?
-Тэгэлгүй яахав. Элбэгдорж ерөнхийлөгч бид хоёр чинь нэг сум, нэг бригадынх. Зэрэг сум, Буурай бригадад бид хоёр хоёулаа төрж өссөн. Өвөлжөө нь хүртэл нэг дор. Бас сонин тохиол байгаа биз?
-Цол авдаг жил билүү? Ерөнхийлөгч Бат-Өлзийд Монгол гутал хийж өгсөн гэнэ лээ гэж яриа дуулдсан?
-Тэгсэн. Монгол гутал, зодог шуудаг иж бүрнээр нь бэлдэж өгсөн.
-Таны цээжний тойрог, бас гарын тойрог хэд вэ? Цээж бол “лут” харагддаг?
-Яг нарийн хэмжиж үзээгүй ш дээ. Саяхан нэг пиджакны хэмжээ өгсөн. Тэгэхэд 100 гаруй см байсан санагдах юм. Гарнынх 50 гаран см байгаа байх аа.
-Гарын атгалт сайн уу?
-Дажгүй шүү. Атгалтаас гадна таталт бас чухал. Атгачихаад татаж чадахгүй бол нэмэргүй ш дээ /инээв/.
-Татах чинь угаасаа таны давуу тал биз дээ?
-Бас дажгүй шүү.
-Штанг гэлгүй юм өргөхөд хамгийн дээд тал нь хэдийг өргөж байв?
-Тэгж юм өргөж, хэмжиж ер үзээгүй шүү. Багадаа чулуу бол өргөж л байсан. Одоогоор адуу мал арай өргөөгүй л байна /инээв/.
-Ер нь өргөвөл өргөчих байлгүй дээ?
-Бэлтгэлээ сайн хийж байгаад тэмээ өргөдөг юм билүү /инээв/. Манайд чинь одоо адуу өргөдөг арслан Цогоо гэж байна ш дээ. Бас л бяртай шүү, Цогт-Эрдэнэ.
-Пүрэвсайхан заан, Хангай харцага хоёр таны хүчтэй өрсөлдөгч мөн үү?
-Нэг нутгийнх, бас нэг дэвжээнд бэлтгэл сургууль хийдэг. Нэгийнхээ барилдааныг бол “а,б”-гүй уншина ш дээ. Тийм болохоор тухайн үед хэн сэтгэсэн нь л давж байгаа юм даа. Яах аргагүй л хүчтэй өрсөлдөгч нар. Мундаг ш дээ, ялангуяа Хангай. Наад зах нь сайхан аралтай,мэдрэмжтэй, бяртай. Заан бид хоёрын хувьд арал жаахан дутуу байж магадгүй. Бусдаар бол хэнээс дутах вэ дээ, тийм ээ?
-Та гурвын хэн нь илүү бяртай бол?
-Ойролцоо байх аа.
-Гутал хэдэн размер өмсдөг вэ?
-Би жижигхэн хөлтэй ш дээ. 42 орчим л өмсөнө дөө.
-Бөхөөс өөр ямар нэг зүйл сонирхож, хичээллэдэг үү?
-Сонирхдог зүйл гэвэл зөндөө л байна. Гэхдээ спорт талаасаа чөлөөт бөхийг л сонирхож бэлтгэл хийж үзэж байгаа. Арай өөр мэдрэмж нэмнэ. Харин сагс волейбол, хөл бөмбөг, шатар даам гээд спорт тоглоомуудад авьяас муу, багаасаа хөгжүүлээгүйнх л байх.
-Дуу хууранд сайн биз? Дуулж байгаа бичлэг чинь интернэтээр яваад байсан санагдана?
-Гайгүй ээ, дуулчихна. Караокед орж дуулах дуртай.
-Найр наадам, наргиан цэнгээн гээд бишгүй л юм амьдралд байна. Тэр бүхнээс өөрийгөө татаж, тусгаарлаж чаддаг уу?
-Боломожоороо л тусгаарлана, татна. Тэр бол надаас л шалтгаалах хэрэг. Ууж идье, шоудая, цэнгэе гэсэн дуудлага бол бараг өдөр болгон ирнэ ш дээ. Тэр болгонд нь гүйж очоод байвал юу болох билээ. Нийлээд суулаа гэхэд найз нөхөд ойлгодог юм аа.
-Таны барилдаж үзсэн бөхчүүдээс хамгийн бяртай нь хэн бэ?
-Бяртай бөх зөндөө шүү дээ. Манай Пүрэвсайхан заан байна, Санжаадамба аварга байна. Бяр ч гэсэн бодлоос, сэтгэлээс гардаг хүч гэж би боддог. Би бяргүй гээд бодчихвол тэр хүнээс бяр гарахгүй дээ. Би ч гэсэн бяртай, хэнээс юу дутах юм гээд барилдвал бяр гарч л таарна.
-Ер нь би чадна, би хэнээс юу дутах юм гэж өөрийгөө их ирлэдэг юм байна гэж ойлголоо, ярианаас чинь?
-Тэгдэг шүү.
-Монгол бөхөөс юуг олж авч байна вэ?
-Маш их хайр хүндлэлийг авч байгаа даа. Бөх биш байсан бол хэн намайг таних юм. Бөхийн тэр их хайр хишгийг даах л чухал. Онгирч болохгүй, даруухан байх хэрэгтэй. Манай багш “тариан түрүү болох тусмиаа бөхийдөг” гэж дандаа хэлдэг юм. Тиймээс даруу л байхыг боддог.
-Онгироо гэхээр харагддаггүй л дээ. Гэхдээ өөрийн эрхүй онгирмоор санагдсан үе байдаг уу?
-Тэгж онгирохоор сүйдтэй амжилт гаргасан ч биш дээ. Улсын наадамд түрүүвэл харин онгирч магадгүй шүү.
-Хэзээ нэг өдөр улсын наадамд түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Итгэлтэй байна. Итгэлгүй бол бэлтгэл хийгээд яах юм. Эртхэн больсон нь дээр ш дээ. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш гэдэг шиг.
-Гэхдээ тэр мөрөөдлөө зорилго болгох чухал биз дээ?
-Тийм л дээ. Хоосон мөрөөдөөд явбал нэмэргүй. Хэнийг ч дийлэхгүй.
-Бэлтгэлийн ачаалал даахдаа хэр вэ?
-Тэр тал дээр бол сайн шүү. Энд ээж ааваас заяасан байгалийн нэг юм байх шиг байгаа юм. Тэр их ачааллыг даах чадвар, тэсвэр хатуужил, миний онцлог чанар. Нэг бодлын аав ээжээс надад заяасан бэлэг юм даа. Машинаар зүйрлэвэл хүчин чадал сайн гэх юм уу даа.
-Шантарч байв уу?
-Үгүй байх аа. Ямар ч үед бэлтгэлдээ л явна даа. Гол зорилго, хийж байгаа ажил минь юм чинь.
-Гэр бүлээ танилцуулах уу?
-Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Завхан аймгийн харьяат, Гүррагчаагийн Энх-Амгалан, хүү Бат-Өлзийн Өсөх-Ирээдүй. Бас нэг бөхийн хоббитой нөхөр бий. Зурагтаар байнга бөх үзнэ. Бөхчүүдийн нэр ус, нутаг ус андахгүй. Танихгүй бөх гэж байхгүй. Мэдээ орсон цагаасаа л бөх гээд явчихсан. Том болоод барилдах, барилдахгүйг өөрийнх нь сонирхол л мэдэх байх даа.
-Урилгыг минь хүлээн авч ирж ярилцсанд баярлалаа. Зорилгодоо хүрч сайхан барилдаарай. Улсын наадамд түрүүлэх зорилго, хүсэл мөрөөдөл тань биелэх болтугай. Улам их амжилт хүсье?
-За баярлалаа. Танд ч бас ажлын өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: БӨХ сонин
Ярилцсан: С.БАДАМГАРАВ