2017 оны төсвийн тодотголд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавиад байгаа. УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авахгүй хэмээн мэдэгдсэн. Таны байр суурь ямар байгаа бол?
-Төсвийн тодотголыг батлахдаа ирээдүйн эрсдэлээ тооцсон төсвийн нөхцлөө сайжруулсан мөн хуримтлалд анхаарсан байх ёстой гэж Ардчилсан намын бүлэг шаардаж завсарлага авч байсан. Харамсалтай нь Ардын нам сөрөг хүчний байр суурийг үл огоорон хар муйхраар зүтгэн төсвийн тодотголыг баталсан. Огцорсон Засгийн газар батлагдсан төсвийн тодотголыг ерөнхийд нь боловсруулсан байсан л даа. Шинэ Засгийн газар нь тэрхүү төсвийн тодотголыг эгүүлэн татсан. Одоо л нэг аятайхан төсвийн тодотгол оруулж ирэх нь дээ гэсэн ард түмний хүлээлт талаар болж өмнөх төсвийн тодотголоо нэг их өөрчлөлгүй оруулж ирсэн. Тиймээс төсвийн тодотгол улс орны хэмжээнд эдийн засгийн асуудлыг шийдчихээр хангалттай байж чадаагүй л дээ.
-Төсвийн алдагдал их байна гэж шүүмжлээд байгаа?
-Төсвийн тодотголыг ДНБ-ий 9.9 хувьд буюу 2.7 их наядын алдагдалтай баталсан нь түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болсон. Монгол Улс өмнө нь хэзээ ч ийм их алдагдалтай төсөв баталж үзээгүй.
-Татварын орлого нэмэгдэж байгаа ч төсвийн зарлага дагаад нэмэгдэж байгаад шүүмжлэх хүн олон байна. Та ч гэсэн тийм байр суурьтай байх шиг байна л даа...
-Иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс энэ онд татварын орлогыг 900 орчим тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн. Татвар давуулан биелсэн хоёр үндсэн шалтгаан бий. Нэгдүгээрт, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч, уул уурхайн бүтээгэдэхүүний олборлолт нэмэгдсэн. Тиймээс үүнээс орох орлого нэмэгдсэн л дээ. Хоёрдугаарт, НӨАТ-ын орлого хангалттай өссөн. Учир нь Ардчилсан намын үед батлагдсан НӨАТ-ын татварын тухай хууль болон дагалдах хуулиуд батлагдсан гарсантай холбоотойгоор далд орлогууд ил болсон. Үүнтэй холбоотойгоор татварын орлого нэмэгдсэн. Аж ахуйн нэгжүүд хуруу хумсаа хуйхлах шахам байж олсон хэдэн төгрөгөө татварт өгч байна. Эдийн засгийн ийм хүндрэлтэй үед ажилчдаа халахгүй ажиллуулж байгаа нь тэдний хувьд маш том зүтгэл. Харин үүнийг нь Засгийн газар дэндүү үрэлгэн байдлаар зарцуулж байгаа нь дэндүү харамсалтай зүйл болж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд асар ихээр татвараа төлөөд байдаг ч эргүүлээд Засгийн газар 499 тэрбум төгрөгөөр төсвийн зарлагыг нэмэгдүүлэхээр орж ирж байгаа. Хүүхдийн мөнгийг эс тооцвол энэ нь үргүй зардал гэдгийг Ардчилсан нам үзсэн.
-Он дуусч байхад шинэ төсөл хөтөлбөрт 160 гаруй тэрбум төгрөг тусгасныг Ардчилсан намынхан шүүмжлээд байсан нь ямар учиртай юм бэ?
-Харин тийм ээ. Он дуусч байхад, хөхөө өвлийн хүйтэн болж байхад шинэ төсөл хөтөлбөрт 160 тэрбум төгрөг тусгасан. Цас ороод ид хүйтэн эхлэх гэж байхад ямар юмных нь шинэ барилга баригддаг юм бэ. Ингэж төсвийн мөнгийг хайр гамгүй зарцуулж болох уу.
Төрийн албан хаагчдад тэтгэмж нэрээр 55 тэрбум төгрөг олгохоор тусгасан хэрнээ зөвхөн барилгын хийц үйлдвэрлэдэг ганц цогцолбор худалдаж авахад 20 тэрбум төгрөг зарцуулж байна шүү дээ. 190 мянган төрийн албан хаагчдадаа 55 тэрбумыг зарцуулчихаад ганц үйлдвэрт ийм их хэмжээний мөнгө зарцуулах нь тэгээд зөв юм уу. Тэртээ тэргүй барилгын салбарын түүхий эд бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлээд хангалттай болж байна. Гэтэл хувийн секторт төрийн хөрөнгөөр шинэ үйлдвэрлэл оруулж ирж байгаа нь бизнесийн тэгш бус байдлыг алдагдуулж байгаа юм. Мөн дарга нарт шинэ автомашин худалдан авахад зориулж хоёр тэрбум, албан тушаалтнуудын байрыг засварлахад дөрвөн тэрбум төгрөг гаргасан байх жишээтэй. Хөхөө хүйтэн ирчихээд ийм шийдвэрийг дэмжих гэж байгаа Ардын намд үнэхээр хариуцлагагүйн зуд нүүрлэжээ.
-Хуримтлалд анхаарсан төсвийн тодотгол оруулж ирэх ёстой гэж байсан. Яг ямар санаагаар хэлэв?
-Ирэх оны эхэнд Чингис бондын 600 сая ам.долларыг төлөх ёстой. Бондын төлбөрийг хийхийн тулд дахин бонд босгох шийдвэрийг Засгийн газар гаргаж, эхнээсээ мөнгө нь орж ирсэн сураг байна лээ. Харин бид илүү дутуу зардал гаргалгүй ирэх оны бондын төлбөртөө зарцуулсан бол олон улсын зах зээл дээрх Монгол Улсын нэр хүнд өсөх байсан. Өөрөөр хэлбэл жилийн өмнө дампуурлаа зарлах гэж байсан улс өөрсдийн орлогоосоо бондын төлбөрөө төлнө гэдэг нь гадаад талдаа маш том эерэг дохио. Үүнийгээ дагаад 5.5 хувиар авч байсан бондын хүү буурч 4.5 хувь дараа жил нь 3.5 хувь ч байдаг юм уу болж буурах боломжтой байлаа. Санхүүгийн зах зээл дээр бий болсон нэр хүндийг дагаад хөрөнгө оруулалтууд асар их нэмэгдэх байсан ч харамсалтай нь Засгийн газар тэгж чадсангүй.
-Та тэгээд төсвийн тодотголыг бүхэлд нь эсэргүүцэж байна гэж ойлгох уу?
-Энэ төсвийн тодотголд гялайж гялтайх ганц зүйл байгаа нь ердөө хүүхдийн мөнгө. Өөрөөр энэ төсвийн тодотголыг дэмжих нэг ч шалтгаан байхгүй. Төрийн албан хаагчдад тэтгэмж маягаар олгоно гээд байгаа 55 тэрбум төгрөгийг нэг удаа өгчихөөд “Бид та нарт тэтгэмж өгсөн” гээд хэдэн жил амыг нь хаах гэж байна. Үүнийг Ардчилсан намын бүлэг зөвшөөрөхгүй. Нэг удаа тэтгэмж өгөх замаар төрийн албан хаагчдаа хуурах биш харин цалингийн шатлалыг өсгөх арга хэмжээг авах ёстой. Төрийн албан хаагчид хувийн хэвшилд ажиллаж буй хүмүүсээс 35 хувиар бага цалин авч байгаа. Цалинг нь тогтвортой нэмэгдүүлэх шатлалаа Засгийн газар хийх ёстой.
-Хоригтой холбоотойгоор цалин, тэтгэвэр, бүтээн байгуулалт хийсэн компаниудын мөнгө олгогдохгүй байна гээд байгаа шүү дээ?
-Их хурал маргааш хоригийн асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа шийдэгдчихнэ.
Э.ЭНХ
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН