Алтайн уулсын ахан дүүсийн туршлагаас суралцсан аян замын тэмдэглэл...


Ийнхүү түүхийн жимээр аялан гарахын өмнө түүхийн хуудсыг сөхөж, түүхэн холбогдлыг тодруулан түмэн олондоо толилуулах нь зүйтэй гэж саналаа. Мэргэн ухаанд тань ойр дөт, мэдлэг оюунд тань чимх нэмэр болох болтугай.
 
ОЙРАД ТҮМНИЙ НУТГААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ...
 
Мянган оны учир шалтгааныг бийр бэхэсээс асууж
Мяралзан эрээлжлэх үйл явдлыг судар бичиг лүгээ
хэлэлцмүй...     
                                                                                                            В.Инжинааш
 
Бие баатар болбоос нэгэн үеийн баатар
Билиг баатар болбоос түмэн үеийн баатар гэх цэцдийн сургааль
цээжинд огшмуй.

Монгол үндэстний байгуулсан дэлхийн сүүлчийн нүүдэлчин эзэнт гүрэн бол 1676 онд Галдан Бошгот хааны байгуулан зассан Ойрад Монголын Зүүн гарын хаант улс юм. Галдан бошгот хаан нь Хасаг, Хотон, Хами, Дорнод Туркмен, Кашгар, Яркенд, Сайрам, Киргиз, Бухар, Самарканд, Ферганы хөндий зэрэг Төв болон Дундад Азийн 1000 гаруй том жижиг хот тосгодыг эрхшээлдээ оруулан, Төв Азийн хүчирхэг Зүүн гарын хаант улсыг цогцлоосон билээ.
                          Олом нэгт ахан дүүсийн
                          Онож хожсоны төлөө омогшин бахдаж
                          Осолдож алдсаны төлөө ухааран гэмшиж
                          Үлдэгсдийн төлөө, үрэгдэгсдийн дурсгалд ...
Галдан Бошгот хааны эцсийн зорилго нь Баруун Монгол төдийгүй бүх Монголчуудыг нэгтгэн хүчирхэг нэгдсэн улсыг байгуулах байсан бөгөөд Монгол үндэстнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө “Сэтгэлдээ багтааж чадваас их бага гэж үгүй”  хэмээн уриалан тэмцэж, Монгол нутаг, газар шорооныхоо төлөө “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” хэмээн тунхаглан гэрээслэж, эцсээ хүртэл хамгаалан тулалдаж байсан цэргийн гарамгай жанжин, төр шашны нэрт зүтгэлтэн, тэнгэр заяат Монголын суу билэгт агуу хаадын нэгэн билээ.1678 онд Галдан хаан бүх Ойрадыг нэгтгэхэд тэр үед нэгэнт Хөвсгөл зүг шилжээд байсан хотгойдын эзэмшлийн Хатан Алтай Зүүн гар улсын нутаг дэвсгэрт багтан орсон бөгөөд Зүүн гар улс мөхөж, Манж Чин улс бүх Монгол туургатныг ноёрхсон жилүүдэд Хатан Алтайн нутгийг Алтайн Урианхай, Тагна Туваг Тагнын Урианхай гэж хуваагаад нийтэд нь Урианхайн хязгаар гэж нэрлэж явсаар Манж гүрэн нурсан хийгээд Орос оронд октябрийн хувьсгал гарснаас болж Урианхайн мэдэлд шилжжээ.
Эсгий туургатан эрэмгий монгол дээдсийн энэ хойч үр удам болж төрсний учир монгол хүн бүр мөр тэгш толгой бардам явах ёстой гэж бодном. Энх цагийн өвөрт эрх тааваараа амьдрах хувьтай монголын үр сад бид бахархах түүхтэй, баярхах нутагтай, байгаадаа сэтгэл хангалуун амьдарсаар иржээ. /Чөлөөт  уран бүтээлч, яруу найрагч Б.Оюунхүүгийн  тэмдэглэлээс/
Чухамдаа Ойрадын энэ л нутгаар одоогийн Монгол орныхоо тогтсон хилийн бүс дагуу Алтайн сүрлэг уулсаа түшин аж төрж суугаа Казах, Урианхай түмний нүүдлийн соёл, бэлчээр ахуйгаа хамгаалан, хадгалж, нөхөн сэргээж буй туршлага, байгалиа шүтэн, ховордсон ан амьтан, ургамал юугаа өнөө цагт онгон дагшнаар нь хадгалан хамгаалж ирсэн амьдралын их ухаанаас нь судлан суралцах, өөрийн орчиндоо нутагшуулан хэрэгжүүлэх зорилготой, санаа шулуудан Дэлхийн Байгаль Хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, аймгийн ХХААГ, Манхан, Зэрэг, Дарви, Эрдэнэбүрэн, Жаргалант сумын ИТХ, нутгийн удирдлагын төлөөлөл, малчдын нөхөрлөл, БАХ-ын төлөөлөл, бизнес эрхлэгчид, Байгаль хамгаалагчид, мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүд, Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын мэргэжил, зорилго нэгт нөхдийн төлөөлөл нийт 43 хүний бүрэлдэхүүнтэй  аяллын баг Ертөнцийн наран ер бусын тунгалагаар гийсэн, “Алтан унжлагат” хэмээгч гал тахиа жилийн зуны дунд улаан морин сарын шинийн 26 буюу аргын тооллын 7дугаар сарын 19-ны билэгт сайн өдрийн нар хэлбийх агшнаа аялалаа эхлэв.
Бүгчим халуунтай зэрэгцэн Ховд, Баян-Өлгий чиглэлийн босоо тэнхлэгийн “тосон зам”-ын бүтээн байгуулалт, газар шорооны ажил ид өрнөж , тэнгэр газартай нийлсэн их тоос хөдөөгөөр нэг босно.
Тэнгэр хураа хайрлаж, ая дан нь таарсан сайхан дуу эгшиглэх шиг бороон дусал Хашаатын хөтлөөс цааш Хонгор өлөн, олон нууруудын хөндийг харамгүй мялаасан бололтой, шингэх нарны хэсэгхэн хурц туяанаа үзэсгэлэнтэй харагдана. Нар хэвийхтэй зэрэгцэн бид Толбо сумын нутаг Сайр уулын аманд нутаглах малчин Н.Ораз өвгөн 9 хүүхэдтэйгээ амьдран сууж ирсэн, салхины ам гэлтэй Сухайтын уулын зүүн өмнөд биед байх “Сайр тур оргил” байгаль хамгаалах нөхөрлөлийн аялал жуулчлалын гэр баазад саатав.

Баян-Өлгий аймгийн Толбо сумын Сайр уул


Биднийг Оразын хүү Есбол  гэргий хүүхдүүдийн хамт шөнө хэдий оройтсон ч найрсаг зочломтгой хүлээн авч, дуу хууртай угтацгаав. 
Аяллын баг тал бүрээс цугласан болоод тэрүү нэг л гэрэвшингүй уулзацгааж, танилцангаа  анхны шөнийн зоогоо барьцгааж, нүүр хагарав. 
5.0 мянган гаруй хүн амтай Баян-өлгий аймгийн Толбо сум эрс тэс уур амьсгалтай, өндөр уулын бүсийн сумын нэг. Өнгөрсөн өвөл 20 гаруй хоног 40 хэмээс дээш хүйтэрч, тал газраа 50-60, уулаараа 80-100 см зузаан цастай байжээ.
            Номхон далайн экваторын бүсэд үүсдэг цаг уурын үзэгдэл болох эльнино нилээд хүчтэй илэрч, өнгөрсөн зун агаарын температур Европ, ойрхи Дорнодод их халалт үүссэн бол эльниногоос үүдэлтэй ган гачиг энэ оны эхээр оргилдоо хүрч, үүнд өртөх магадлалтай улсын тоонд Монгол улс багтаж байгааг Дэлхийн цаг уурын байгууллагаас анхааруулж байсан нэгэн нийтлэл уншсанаа тэрхэн зуур би саналаа. 
          Халуун газар аахилж амьсгаадан, хөлөрцгөөж, нимгэн хувцасласан биднийг Алтайн уулсын сэрүүн салхи угтаж, байгаль дэлхий зангаа хувирган хуйсганах нь хатуу өвөл холгүй байгааг хэн хүнгүй сануулах мэт.    
Ораз өвгөний хүүхдүүд болон тэнд амьдарч байгаа айлууд хахир өвөл, хаврыг даван туулж, төл малаа мэнд хүлээн авч, малын хорогдолгүй давж гарчээ. Энэ нь отор нүүдэл олон хийснийх гэнэ. Мал маллана гэдэг малчин хүнээс их ухаан шаарддагийн жишээ нь энэ байх. Мөн уйгагүй хөдөлмөр.
            Эр хүний жаргал эзгүй хээр ээ...гэж. Ус гол шуугиад л, урин сэвшээ зөөлөн сэвэлзээд л...Дээр тэнгэр цэлийж, дэнлүү шиг одод гэрэлтээд, дэргэд уулс сүглийж дэлхийн нэгэн шөнө дэндүү амгалан. Зуны дунд улаан морин сарын шинийн 26. Сэрүүн тунгалаг агаарын сайханд, сэлүүн дагшин хээрийн задгайд, амьд байгалийн амт үнэрийг мэдрэн, анир чимээнд хөглөгдөнө гэдэг хүйн холбоотой хүн байгаль хоёрын хамгийн нандин хүүрнэл дотносол билээ. Энэ бол аялалын анхны хээрийн шөнө юм.

                                                                      Хотон нуурын хөвөөнд


Өглөө босоод харахад бийр будгаар урламгүй, бичиж зураад орломгүй  ихэмсэг дагшин үзэмжит яруу сүмбэр их уулс, сүрлэг баян Алтай өнгө гэрлээр хослон өмнө дүнхийж байлаа.
       Ам салаадаа рашаантай
       Ан амьтнаар элбэг
       Араатан жигүүртнээр баян
       Хад асга ихтэй
       Ханан халил байцтай
       Харваж буусан  булагуудтай 
       Харгилж урссан голуудтай
       Ерөөл магтаалд мөнхөрсөн
       Ертөнцийн их уулс Хатан их Алтай минь...
Сэтгүүлч, түүхч Т.Мандирын “Арван гурван Алтай хаана байна вэ?”  нийтлэлд “Арван гурван Алтай хэмээх хэллэг нь эртний туульстай чацуу, Монголчуудын түүхэн газарзүйн ойлголт бөгөөд Арван гурван Алтайн хамгийн тэргүүн нь Хан Алтай хэмээн Ойрад түмний хүндлэн дээдэлж магтан дуулж ирсэн  Баруун Алтай буюу Монгол Алтайн их уулсын ай юм
        Сайр уулын бэлд байх энэ малчны хот хүйтэн салхи, хөр цасны хатууг ажралгүй давж, өөрийн малыг адгуулан арчлахын зэрэгцээ, Алтай сүрлэг хайрханыг чимэглэн хоттой хонь, ямаатай нь ихэрлэн байх янгир, тэх, Алтайн аргаль хонийг өглөө бүр харж, хотондоо ирэх зэрлэг амьтанд хужир мараагаа харамгүй тавьдаг аж. Байгалийн унаган төрх, давтагдашгүй өнгөтэй нэг ууссан энэ л малчны өвөлжөө, хаваржаа, зуслангийн нутагт янгир, тэх, сүрэглэн, байгалийн сүр хүчийг илтгэн харуулах нь нүднээ тодхон.
         Үүнээс гадна Монгол улсад ховорт тооцогддог хойлог, ахун, бор ятуу зэрэг шувуу уулаар сүрэглэн байдаг хэмээн ярьцгаана. Чухамдаа ийм л газарт аялал жуулчлалын баазыг малчид өөрсдийн хүчээр анх нөхөрлөл байгуулан үүсгэжээ. 2002 онд “Сайр тур” гэр бааз байгуулагдаж, өдгөө малчид маань туршлагатай хөтөч, аяллын мэргэжилтэн болцгоожээ.
          Өглөө эртлэн аяллаа үргэлжлүүлцгээж Толбо нуурын эрэгт байрлах “Толбо тур” соёл амралтын хүрээлэнд үдлэв.
        Баян-өлгий аймгийн ажилсаг, хөдөлмөрч бизнесмен Б.Болд өөрийн уйгагүй хөдөлмөрийнхөө шимийг үзэж, аймаг орон нутагтаа томоохон хөрөнгө оруулалтыг хувиасаа хийж, орчин үеийн аялал жуулчлал, үйлчилгээг хөдөө орон нутагт хөгжүүлэхээр энэхүү баазыг байгуулсан ажээ.
      Өнөө цагийн хотжилт, техник, цахим орчны хийрхэл, стрессээс ангид байгальтай ойр орон нутгийн аяллыг хөгжүүлэхэд энэ бизнесмен залуугийн  санаачлага, хүнд таатай сэтгэгдэл төрүүлэхүйц, ихэд нийцтэй, зөв ажил мэт санагдсаныг нуух юун.
       Замын тоос, хотын бүгчим, элдэв үнэр дуу чимээнээс салсан бид түр тухлан цааш аялалаа үргэлжлүүлж Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотыг хальт дайран өнгөрөв. Хальт гэсний учир нь баг бүрэлдэхүүн уулсын хаан уулсаар зорчих, усны уртыг туулах тул шатахуун авах, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас мэргэжлийн туслалцаа, хөтөч, дэмжлэг авах явдал байсан билээ.
        Багийн бүрэлдэхүүнийг замчлах, тав тухтай аялах нөхцлийг бүрдүүлэхэд Айбек даргатай Баян-Өлгий аймгийн БОАЖГ-ынхан ихээхэн үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
    Аймгийн төвөөс хойд чиглэлийг барин олон машин цуваанд орж Цэнгэл суман дахь улсын тэргүүний “ Цэнгэл Хөгжил Хоршоо”-той танилцахаар хөдөллөө.
        Аян замын туршид сүрлэг мөнх цаст уулс арсайлдаж, хоёр машин чүү чамай зөрөх мушгиралдаж тахиралдсан уулын замаар, Алтай нутгийн бүлээн салхинд үсээ хийсгэн, ертөнцийн тоос шороог нүүрэндээ хээвнэг наан явахдаа тэмдэглэл хөтлөгч би жаргалтай байлаа. Тэр дор Хан Алтайн ноён оргил Алтай Таван Богд уулсаас эх авсан мөнх цаст уулын цэв цэнгэг гол эрчлэн шуугина. Хаа нэг уулын бэлд аж амьдралаа төвхнүүлэн сүрлэг уулсын сүр хүчит салхи, цасан, боронгоос ахуй юугаа хамгаалан баттай барьсан бахим модон байшин, модон хороогоор хөвөөлсөн малын тохь тухтай хашаа, пүнз тааралдах нь цагийн хатуу, цариг хүйтэн, байгалийн эрс тэс нөхцөл энэ нутагт их нүүрлэдгийг сануулах мэт.
        Зөрсөн хүн, мал биднийг гайхан харна. Харин бүх хүмүүс инээмсэглэн мэндчилнэ. Инээхэд нь тэдний том цагаан шүд яралзан, нүдний харц нь жаргалтай эерүү сэтгэгдэл төрүүлнэ. Би л лавий мөндөр, хүйтэн, эрс тэс нөхцөлд амьдардаг хэдий ч нэг ч уурлаж бухимдсан хүн энэ хэд хоногт хараагүй.
         Баян-Өлгийд тэр дундаа Алтай Таван Богд чиглэлд аялал жуулчлал хөгжиж байгаа нь илт.
        Энэ хугацаанд манай аймагт аялал жуулчлалыг татах, татсан, зам мөр нь тэгширсэн юу байгаа билээ гэж ихэд эрэгцүүлэн бодлоо. Алтайн салбар уулс дунд адилхан амьдран суугаа бидэнд аялал жуулчлалыг хөгжүүлэх бас давуу тал, ижил нөхцөл, юм юм л байна. Бид хөдөлмөрч уламжлалтай, олон ястны өлгий нутгийнхан. Давуу тал, бэрхшээлээ боломж болгон орон нутгийн, уулын, усны, хүүхдийн, дотоодын, байгаль хамгаалах, танин мэдэхүйн аяллыг эхлүүлэх цаг хэдийн болжээ.
        Аймгийн төвөөс цаг алдан, нэгнийгээ хүлээн оройтож гарцгаасан бид Цэнгэл суман дээр үдээс хойш нар баруунаа таширлах үест хүрлээ. Сумын төв эл хульхан... Амьдрал ахуйн нь өөдлөн байгааг илтгэх хашаа байшингийн өнгө төрх, хүмүүсийн инээмсэглэсэн царай, монгол хэл мэдэхгүй гэх казах хүүхнүүд, хэрэгт дурлах өвгөд бүгд л амгалан тайван.
        Алс хязгаарын Алтайн Тува, Казах түмний нэгээхэн хэсэг энд эвтэй сайхан оршин амьдарсаар... Бидний зорилгыг утсаар сонссон Цэнгэл сумын Засаг даргын орлогч, мөн улсын тэргүүний “Цэнгэл Хөгжил Хоршоо”-ны зээл хариуцсан мэргэжилтэн  нар биднийг хүлээж байлаа.
Жижигхэн, хуучны байшинд тус хоршоо байрлах аж. 2005 онд анх сумын иргэдийн санаачлагаар хувь нийлүүлэн энэ хоршоог үүсгэсэн түүхээ самбарт бичиж байрлуулжээ. Сүүлийн 2-3 жил дараалан жилийн эцсийн актив хөрөнгийн тайлангаараа 2.0 тэрбум төгрөг эргэлдүүлдэг, ашгаа тогтмол 2 дугаар сарын бүх гишүүдийн хурлаараа хэлэлцэн хуваарилж, дараа жилийнхээ санхүүгийн болон үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталдаг, нутгийн хүмүүсийн итгэлийг олсон, үйл ажиллагаа нь нутаг нугадаа ил тод, бас жижигхэн ч гэсэн нийгмийн хариуцлагын хүрээнд сумын хөгжилдөө хувь нэмэр оруулж хөтөлбөр хэрэгжүүлдэг, хүмүүнлэгийн ажил зохион байгуулдаг  хоршоо ажээ.
Одоо 1540 гишүүнтэй тус хоршоо дарга, гүйцэтгэх захирал, нягтлан бодогч, зээл хариуцсан эдийн засагч, өдөр тутмын ажил хариуцсан теллер гэсэн 4-5 орон тоотой, тэд сар бүр 1 сая 200 мянгаас 680.0 мянган төгрөгийн цалин тогтмол авдаг, хадгаламжийн хүү нь жилийн 20 гаруй хувьтай гээд л хүнийг татах олон менежменттэй юм байна.
Энэ суманд ХААН банк, Төрийн банкны салбар ажилладаг хэдий ч, банкаар үйлчлүүлдэг хүний тоо цөөн, гарцаагүй үйлчлүүлэх үедээ хүнийг нь утсаар дуудаж байж үйлчлүүлдэг гэх дэгс гэмээр яриаг сонссон боловч нөгөө талаар  Цэнгэл Хөгжил хоршооны үйл ажиллагаа хэрхэн өрнөж байгааг илтгэх мэт.
Хоршоотойгоо танилцаж, олон хүн асуулт асууж, хариулт авсны дараа танилцуулгыг хүн бүр авахыг хүсч байсан тул маргааш Хотон, Хурган нуураас буцах замдаа хувилж өгөхөөр тохирч бид цааш байгалийн үзэсгэлэн бүрдсэн Цэнгэл сумтай танилцах аяллаа үргэлжлүүлж, хонох газраа зорилоо. 

Цэнгэл сумын төвд "Цэнгэл- Хөгжил" хоршооны үйл ажиллагаатай танилцав.


Аяллын багийнхан маань харуй бүрийтэй уралдан майхнаа татаж, шөнөд оройгүй шөлөнд дээж хэрэггүйг сануулах одот тэнгэрийн дор, Алтай сүрлэг уулсын бэлд хооллож, галын дөл ширтэн энгийн хүүрнэлдэн бас дуулалдан суух нь чухамдаа диваажинд ирсэн мэт.

Маргааш өглөөний мандах нарнаар багийн бүрэлдэхүүн Сыргалын нурууны өмнөд хавцалд байх бага Түргэний хүрхрээг зорьж, явган аялал хийнгээ, хүрхрээний эргэн тойрон хөглөрөх хог хаягдлыг түүхээр тохиролцлоо. Энэ нь хүн бүрт нийцтэй журамт үүрэг байлаа.

Цэнгэл сумын Бага түргэнийн хавцал 


Уулын жимээр алхана гэдэг нэг л эвгүй гишгэж, гишгэдэл алдвал тэр доор урсах голруу, эсвэл хад асга уруу унах гээд амь дүйсэн айдас төрүүлнэ.
Гэвч байгалийн сүр хүчний өмнө бүгд хүчгүй ажээ. Хүрхрээг харж, сүглийх хадыг зүсэн хүчтэй асгарах дууг нь сонсож, хүн бүр патиараа татуулав.
Сыргалын нурууны энэ чиглэлд амралт аялал хийх олны хөл сүүлийн жилүүдэд тасрахаа больжээ. Аялангаа байгальд хайр гамгүй хандах бидний хуучирсан, хувиа бодсон зан, соёлгүй авир энэ ариун дагшин газарт хүртэл нүүрлэж, хаа хамаагүй хөглөрөх хуванцар сав, чихрийн цаас, архины шил... ихэд хуримтлагджээ. Монголын ойн бүсийн гуравны нэг нь Хөвсгөлд, бас гуравны нэг нь энэхэн нутагт төвлөрдөгийг саналаа.
 
                            Цэнгэл сумын Бага түргэнийн хавцалд орших Бага түргэний хүрхрээ


Хүглийх хар моддын дунд тайруулсан  залуу хожуулууд гашуудах мэт хувхайрч харагдана. Мод их хэмжээгээр бэлтгэсээр байгаа нь нүднээ илт. Ядаж үүнийг байгаль орчныхон маань зогсоохсон.
Явган аялал маршрутын дагуу явагдаж байлаа. Сонин болгож хөөрөхөд “Single ladies-3” кино зураг авалтын багтай таарсан шүү. Нэг л танил хүмүүс...
Цэнгэл сум, Сыргалын нуруу, Хотон, Хурган нуураас нэгэнтээ 300 шахам км давхисан аяллын баг Алтайн нурууны өндөр цэгүүдтэй хаяа дэрлэм ойрхон нутаглах  уугуул Урианхай, суугуул Казах түмний нутаг Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутагт 2017 оны 07 дугаар сарын 21-ны шөнө хүрэлцэн очлоо.

                                                                   Баян-Өлгий аймгийн Алтай сум


Бэлчээр ашиглалтын арвин туршлагаас нь хуваалцахаар Алтай сумыг зорьж явсаар нэгэнтээ шөнө болсон тул бид Харуут голын хөвөөнөө майхнаа зэрэглэн татсаны дараа тус сумын Засаг дарга Х.Асыт, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Эрбулан нар хүрэлцэн ирж маргааш өдрийн хөтөлбөрөөсөө ярилцан хэсэг сууцгаав.
Алтай сум анх 1959 онд  БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 129 дүгээр зарлигаар зэргэлдээ Буянт сумын 2,6,7,8 дугаар багуудаас  хаяа таслан байгуулагдсан түүхтэй бөгөөд эдүгээ 5 багтай, 1200 өрхтэй, 4300 гаруй хүн амтай,Монгол казах 2 үндэстэн эв, найртай амьдарч ирсэн нутаг. Хүн амын 35 хувь нь Урианхайчууд/ Монгол/, 65 хувийг казах үндэстэнэзлэх бөгөөд Монгол улсын баруун хязгаар Монгол Алтайн нурууны салбар уулсаар хүрээлэгдэн далайн түвшнээс дээш 2148-3575 метр өндөрт , уулархаг бүс нутагт 316356 га талбайг хамран оршдог ажээ.
2003 оноос тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Хайсаа даргын санаачлага, сум орон нутгийн эдийн засгийн үндэс болсон мал аж ахуйг хөгжүүлэх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангах малчдын амьдрал ахуйг дээшлүүлэх үүднээс бэлчээрийг оновчтой зөв хуваарилан ашиглах, өвөлжөө, хаваржааны бэлчээр, хадлангийн талбайг хамгаалах, үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор бэлчээрийн менежментийн асуудлыг орон нутагтаа шийдвэрлэх зорилгоор байгаль, хүндээ ээлтэй бодлогыг хэрэгжүүлэхийг зорин сумын бэлчээр ашиглах, хамгаалах журам анх гаргасан түүхтэй.
Бэлчээрийн энэ бодлогоо малчдад, бүх хүндээ ойлгуулахын тулд эхний жилүүдэд эсэргүүцэл, дургүйцэлтэй олон удаа тулж, зарим нэгэн үл дэмжсэн нөхдөд захиргааны арга хэмжээг хуулийн дагуу авах зэргээр журмаа нутагшуулах удирдлагын олон аргыг хэрэглэжээ.
Хамгийн гол нь Багийн иргэдийн Нийтийн Хурлыг жинхэнэ утгаар нь ард иргэдийн оролцоог ханган хийх, хурлаараа тэдний бэлчээр ашиглалт, зусах, хаваржих, өвөлжих газрын тухай, хадлан авах, талбай хамгаалах, уулын хадлан хийх, ардын уламжлалт аргаар хүчит тэжээлүүд бэлтгэх гээд мал аж ахуй, амьжиргаатай нь салшгүй холбоотой, амин чухал асуудлыг хэлэлцэн өөрсдөөр нь шийдвэр гаргуулж, хүлээн зөвшөөрүүлж, бэлчээр ашиглалтын журмаа хэлэлцүүлж чадсан нь өнөөдрийг хүртэл хэрэгжиж, сумын дүрэм болтлоо нутагших үндсийг тавьжээ.
Иргэдийн нийтийн хурлаас гаргасан шийдвэрээ үндэслэн сумын ИТХ нь тогтоол гарган журмаа хуульчлан баталсан байна.
Удирдах арга барил, хүнээр хүн хийх ухаан , амьдралын хар ухааныг хүнд суулгах арга барил удирдах хүнээс их хөдөлмөр эв дүй, арга барил шаарддаг ажээ.
Чухамхүү С.Хайсаа даргын ажлын арга барил, удирдахуйн ухаан,  мал аж ахуйн амин сүнс болсон бэлчээрийн асуудлаар дамжин  иргэддээ танигдаж, олон жилийн турш энэ суманд “хэв хууль “ болтлоо хэрэгжиж, бас нутагшин, өнөө цагийн хэлээр туршлага болон яригдах хэмжээнд хүрснийг бахархан харлаа.
Хүн бүхэнтэй тэгш харилцаж, “Муу ард түмэн гэж үгүй, харин муу удирдагч гэж үгүй, харин муу удирдагч гэж байдаг” хэмээн ярьж суугаа энэ ахмад буурал, цөлх ухаантай өвгөдийн минь амьд түүх гэлтэй.
Сумын үе  үеийн удирдлагууд уламжлал, шинэчлэлийг хослуулан мал аж ахуй, бэлчээр ашиглалтын бодлогоо үргэлжлүүлэн авч явсаар ирсэн бөгөөд багаар ажиллах, сумын Тамгын газар, мэргэжилтнүүдээ нэг баг болгон, нэгэн зорилгын төлөө ажилладаг гар нийлсэн хамт олон болох нь бидэнд тодхон харагдаж байлаа.
Алтай сумын малчид бэлчээрийг оновчтой зөв хуваарилан ашиглах, өвөлжөө, хаваржааны бэлчээр, хадлангийн талбайг хамгаалах, үр өгөөжийг дээшлүүлэх журмаа баримтлан, өвөлжөө, малын хашаа хороогоо хэрхэн тохитой, хүн малдаа ээлтэй байдлаар тохижуулж, цагийн хатуу, өвөл хаврын бэрх, ажлын хүндийг хэрхэн давдгийг бид газар дээр нь харахаар 3 дугаар багийн нутагт орших улсын аварга малчин 2 айлын хаваржааг зорьсон юм. Хаваржаанаас алслан Алтайн их уулсын тоонот хэсэг Халууны Хар уул, Уран дөшийн нуруу, Хар нуур, Жалангаш, Ёлтын уулс, Цэнгэл хайрхан харагдана.

Баян-Өлгий аймгийн Алтай сумын 3 дугаар багийн хаваржаа



Малчид зусландаа гарсанч өвөлжөө хаваржаагаа нөөцлөн хадгалж, хашаа хорооны хөрзөнгөө гарган, хатааж бэлджээ Малын хашаа нь төл мал, эх мал, сувай мал, том багаараа ялгаатай олон тасалгаатай,чухамдаа тухтай нөхцөлд төлөө хүлээн авч 100 хувь бойжуулахыг зорьдог нь харагдаж байлаа. Би урьд нь тийм олон тасалгаатай /46 тасалгаатай/ малын битүү хашаа олон харж байгаагүй билээ.
Алтай сумын төвийн ойр тойронд зуны цагт нэг ч мал үл үзэгдэнэ. Бэлчээр сэргэн, өвсний шүүдэр хөл ороон, нутаг нуга , голын хөндий нэг л таатай ногоон өнгөөр хучигджээ. Намартаа тогтсон зуршлаараа 8 дугаар сарын 25-наас хойш айлууд сумын төвдөө саалийн үнээтэйгээ орж, харин бог мал сумын төвийн ойр оуулахыг 10 дугаар сарын 01 хүртэл хойшлуулж, малчид намаржаандаа буудаг аж. Гайхамшигтай бүхэн энгийнээс эхэлдэг аж.
Хатуу өвөл, хахир хаврыг давсан хүн, малын зоо тэнийж, зуны сар өнгийн гоёлоо хэдийнээ зүүж, уул тал ногоон торгон хэвнэгээ нөмөрчээ. Баян-Өлгий аймгийн нутаг Толбо, Цэнгэл, Алтай, Буянт сумын нутгаар дэлхий хураа харамгүй хайрлаж, зуншлага тавтай сайхан болж байна.

                                                                    Баян-Өлгий аймгийн Алтай сум


Аялалын дүгнэлт:

Монгол орны буурал түүхийг агуулсан байгалийн үзэсгэлэнт газруудыг өөрийн нүдээр үзэж, биеэр мэдэрч, мэдэж танилцан гэдэг ямар ч телевиз, зурагт хуудас үзсэнээс илүү сайхан сэтгэлийн таашаал хүртдэгийг та мэдэх болно.

Аялалаас ирээд Ховдод буухад намрын сар аль хэдийн эхэлсэн мэт хуурай салхин, навчис сэрчигнэх чимээ сонсогдож, танил үнэр ханхийж хот маань улам ч тайван болсон мэт. Бараг анх удаа туршлага солилцох, дотоодын аялалд оролцож, эх нутгийнхаа сайхныг бахдаж, Монголчууд бид хичнээн жаргалтай, золзаяатай хүмүүс болохоо тунгаан, амьдралын үнэ цэнийн тухай улам бүр мэдэрсэн билээ. Харин бидний золгүй мэт амьдарч байгаа нь байгаа зүйлдээ сэтгэл ханадаггүйд л байдаг аж.
Бид амьдарч буй алаг дэлхийгээ хайрлаж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, нэр алдар, хөрөнгө чинээгээ хадгалахаас илүүтэй оршин буй бүхэн хоорондоо хүйн холбоотой, утга учиртай, бүгд үнэ цэнэтэй, түүнд оюун ухаант хүний оруулах хувь нэмэр багадахгүй, харилцаа хандлагаа элгэмсэг, энгийн байлгах ухаан дутаж байгааг дэндүү мэдэрсэн юм.
Туршлага судлан, аялж явахдаа эгэл жирийн хүмүүсийн сэтгэл зүрхийг сонсохыг ихэд хичээлээ. Яагаад гэвэл тэдний нүд, сэтгэлээс жинхэнэ амьдралын үнэнийг тольдож болдог. Ямар ч баггүй, баг зүүх ч шаардлагагүй бид их азжаргалтай хүмүүс. Энэхүү аяллын тэмдэглэл маань ч  эгэл жирийн хүмүүсийн тухай тэдний хөлс үнэртсэн тэмдэглэл байх болно.
Ертөнцийн бүх хүмүүс баян ядуу ялгаагүй бүгд адилхан, бидний амьдрал адилхан гэдгийг би энэ аяллаас улам бүр таньж мэдлээ.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн баруун бүс нутагт хүн зон, байгаль, уул ус, ургамал амьтныг хамгаалан нутагшуулах, эко системийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын төлөө хийж, зорьж, судалж, хэрэгжүүлж байгаа бүх сайн үйлсэд тань баярлалаа.
Уулзалт аялал бүрээс хүн бүр олон зүйлийг санаж сэдэж хийж болох, боломж  үргэлж хаа нэгтээ байдгийг харсан гэж бодож байна
Одоо Ховд нутгийнхан бид үзсэн харснаа түмэнд түгээн, нутаг орондоо малчдын бүлэг нөхөрлөлийг олноор байгуулан, бэлчээрийг хуваарьтай ашиглах, сум орон нутгийн өөрийн өнгө төрхтэй ажлыг санаачлан хийх л үлдлээ.

Мянга дуулахаар нэг үз гэдэг юутай үнэн билээ.
Та бүхэндээ ажлын амжилт хүсье.

2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 23 цаг 39 минут
ТЭМДЭГЛЭЛИЙГ СИЙРҮҮЛСЭН: ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН 
АЖЛЫН АЛБАНЫ МЭРГЭЖИЛТЭН Р.ЦЭЦЭГЖАРГАЛ,
А.ЭНХГЭРЭЛ 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ