Сүүлийн жилүүдэд 18 нас хүрээгүй хүүхдүүдийн эрх зөрчигдөн, олон хүүхэд томчуудын буруутай үйлдлээс болж, хүүхдийн хүчирхийлэлд ил болон далд хэлбэрээр өртөж, зарим нь бүр амь насаа алдах харамсалтай тохиодол гарсаар байгаа. Тиймээс хүүхдийг ивээх сангийн санаачлагаар 2007 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 19-ний өдрийг Хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон улсын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон. Энэхүү өдрийн хүрээнд олон ажил хийж байгаагийн нэг нь үндэсний хэмжээнд өрнөж буй “Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг тэг болгоё” уриатай нэг санаачлага нэг ажил аян юм аа. Харин өнөөдөр Ховд аймгийн хүүхэд багачууд аймгийнхаа төв талбайд цуглаж, Нэг санаачлага- Нэг ажил аяны хүрээнд зохион байгуулж байгаа “Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг Тэг болгоё” жагсаалд оролцлоо. Энэ жагсаалаар Ховд аймагт хүүхдийн хамгаалуулах, амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа тулгамдсан 2 судалгааны дүгнэлтийг үндэсний хэмжээнд ил гаргаж, олон нийтийн анхааралд хүргэн, дуу хоолойгоо нэгтгэж, шударга ёсны төлөө тэмцэхийг гол зорилго болгожээ. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа сайн сайхны төлөө нэгдэн чуулсан энэхүү жагсаалд Ховд аймгийн удирдлагууд, 33 албан байгууллагын дарга нар, ажилчид, Хөгжил политехник коллеж, Жаргалант сумын ЕБС-ийн 8-12-р ангийн сурагчид оролцсон байна. Өнөөдрийн жагсаалд Ховд аймгийн төвийн 3800 орчим хүүхэд багачууд сурагчид оролцсон мэдээлэл байна.
Насанд хүрээгүй хүүхдүүдийн өмнө үе тэнгийн дарамт шахалт, сургуулийн орчин, гэр бүлийн хүчирхийлэл үүнээс гадна хүүхдийн бэлгийн хүчирхийлэл ил болон далд хэлбэрээр явагдаж байгаа нь тулгамдсан асуудал юм.Тиймээс насанд хүрсэн хүмүүс хүүхдийг хүчирхийлэгч биш тэдний сайн найз нь байгаасай гэдгийг хүүхдүүд хүсч байлаа. Өнөөдрийн байдлаар хүүхдийн хүчирхийллийн асуудлыг аймгийн хэмжээнд судалж үзэхэд хүүхдийн эсэн мэнд, амар тайван амьдрах хамгийн анхдагч орчин болсон гэр бүл дэх хүчирхийлэл, мөн эцэг эхийн хараа хяналтаас далд нууцаар үйлдэгддэг насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн хүчирхийллийн хохирогч болгох гэсэн 2 хүчирхйиллийн хэлбэр давамгайлж байгааг албаны хүн онцлож байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 144 гомдол 50-д эрүүгийн хэрэг үүсгэжээ. Харин бэлгийн хүчирхийлэлд өртсөн 42 гомдол мэдээлэл ирсэн ч нэгд нь ч хуулийн хариуцлага хүлээлгээгүй нь төрийн хууль ямар байдгийг харуулж байгаа юм. Үүнээс гадна Монгол улсад сүүлийн 4 жилд насанд хүрээгүй 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр хорвоог орхисон гэсэн тоон мэдээлэл байдаг байна. Иймээс жагсаалд оролцогчид хүүхдийн хамгаалуулах, хөгжих, оролцох, амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа тулгамдсан асуудлыг холбогдох байгууллагуудын сонорт хүргэх үүднээс бүх нийтээрээ “Хүүхдийн эсрэг бүх төлрийн хүчирхийллийг тэг болгох”-ыг уриалсан тэг зогсолт, хүчирхийллийн улмаас амь насаа алдсан ээжүүд болон хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн 30 секунтын чимээгүй зогсолт хийв. Мөн хүчирхийллийн эсрэг аянд нэгдэж, гарын үсэг зуран, хүчирхийллийн эсрэг нэгдсэн уриа хэлж хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагслаа.