Бүгд Найрамдах Чех улсын ЭСЯ –ны дэмжлэгтэйгээр асрамжийн загвар өрөөг тохижуулан хүлээлгэж өгчээ.


Ховд аймгийн Халамж үйлчилгээний газрын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвд Бүгд Найрамдах Чех улсын ЭСЯ –ны дэмжлэгтэйгээр Хүүхэд Хөгшдийг ивээх төв Төрийн бус байгууллага хамтран  асрамжийн загвар өрөөг тохижуулжээ.
Ховд аймгийн ХБИ-ийн Баруун Бүсийн төвд Хүүхэд Хөгшдийг ивээх төв ТББ тус улсын яамны дэмжлэгтэй асрамжид амьдрах хоёр хүний өрөөг иж бүрэн тохижуулснаа өчигдөр хүлээлгэн өглөө.
Орон нутгийн төсвөөс санхүүгийн дэмжлэг авахад хүндрэлтэй, төсөв хүрэлцэхгүй байгаа энэ цаг үед ХБИ-ийн Нөхөн сэргээх төвд асруулагч нарт зориулан удирдлагаар тохируулах эмчилгээний зориулалтай хоёр хүний ор, тэргэнцэр, ширээ сандал, эмчийн үзлэг хийх хаалт, агаар цэвэршүүлэгч, цонхны хөшиг, ширээний гэрэл зэрэг тэдэнд хэрэгцээтэй бүхий л нөхцлийг бүрдүүлжээ.
Энэхүү асруулагчийн загвар өрөөг тохижуулахад 20 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангаад байна.
Тус аймгийн Халамж үйлчилгээний төвийн ХБИ-ийн нөхөн сэргээх төвийн нийгмийн ажилтан С.Баасанжаргал Улаанбаатар хотод ажлын шугамаар суралцах үеэрээ өдөр тутам асруулагч нарт тохиолддог хүндрэлтэй асуудлыг сургалтад урилгаар оролцсон багшдаа танилцуулж, ойлгуулснаар асруулагч нарт зориулсан загвар өрөөтэй боллоо.
Хүүхэд Хөгшдийг Ивээх ТББ-ын тэргүүн Г.Амарсанаа өөрийн биеэр хүрэлцэн ирж тус төвийг нээж танилцуулахдаа “ Асрамжийн газрыг хүмүүс эцсийн зогсоол гэж ойлгодог хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Ахмадаа дээдлэх, хүндлэх, халамжлах,тэдний үгийг нь сонсож гэр бүл, хамт олон доторх уур амьсгалыг өөрчлөх хэрэгтэй.
Бид Асрамжийн газрын стандарт боловсруулах санал анх гаргаж, улс орон даяар сургалт сурталчилгаа явуулж, асрамжийн газар ажиллаж байгаа ажилтнуудыг мэргэшүүлэх талаар асрамжийн газруудтай хамтран ажиллаж байна “гэв.
Асруулагч нарт зориулсан энэхүү загвар өрөөг Олон улсын түвшинд нийцүүлэн тохижуулахад Халамж үйлчилгээний төв дотор засвар үйлчилгээг хийж Чехийн ЭСЯ, ХХИ ТББ хамтран тохижуулсан яг ийм загвар өрөө Төв аймгийн Батсүмбэрийн асрамжийн төвд нөгөө нь Ховд аймагт анх удаа бий болж байгаа аж.
Өнөөдөр Ховд аймгийн Асрамжийн газар хэвтрийн асрамжид 15-86 насны 22 хүн асруулж байгаагаас хүнд өвчтэй 3 хүн асруулж байгаа гэнэ.
Тэвдэж явахад тэмээгээр тусалснаас ядарч явахад тэвнээр тусла гэдэг ардын үг бий. Зовж зүдэрч яваа нэгэндээ амьдрах итгэл урам хайрласан буянтай үйлс сайхан санаачлагууд улам арвижих болтугай.

                                                                                                                                 Сэтгүүлч.А.Баямбасүрэн

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ