Ховд аймагт “Тарваган тахлын дэгдэлтийн дараах үнэлгээ хийж, хариу арга хэмжээний бэлэн байдлыг сайжруулах нь” сэдэвт баруун бүсийн дадлага, сургуулилт болж байна



Сүүлийн жилүүдэд баруун бүс нутагт тарваган тахал өвчний тохиолдол нэмэгдсэн байна. Тиймээс тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор “Тарваган тахлын дэгдэлтийн дараах үнэлгээ хийж, хариу арга хэмжээний бэлэн байдлыг сайжруулах нь” сэдэвт баруун бүсийн дадлага, сургуулилтыг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна.  



Тус дадлага сургуулилтад Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар зэрэг мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчдын төлөөлөл 70 гаруй хүн оролцож байгаа юм. Энэ үеэр тарваган тахал өвчний өнөөгийн төлөв байдал, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тарваган тахал өвчний оношилгооны асуудал, Ховд болон Баян-Өлгий, Говь-Алтай аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний дэгдэлтийн үед авсан хариу арга хэмжээ, сургамж, туршлагыг албаныхан танилцууллаа. Мөн салбар хуралдаанаар дамжуулан баруун аймгуудад 2019-2020 онд тарваган тахлаар нас барсан тохиолдолтой холбоотой хэлэлцүүлэг хийж,  тарваган тахал өвчний дэгдэлтийн дараах үнэлгээний тухай ярилцаж, харилцан туршлага солилцож байна. 



Ховд аймгийн хэмжээнд тарваган тахлын голомттой 21 бүс нутаг бий. Он гарснаар Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвд тарваган тахлын долоон дуудлага ирсэн байна. Энэ нь бусад аймагтай харьцуулахад хамгийн олон дуудлага хүлээн авсан тохиолдол аж. Иргэд хууль бусаар тарвага агнах, түүхий эд эрхтэнг хэрэглэснээр амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулах, цаашлаад нийгмийн аюулгүй байдалд хохирол учруулах сөрөг тал бий.  Иймд цаашид тарвага агнахгүй, түүхий эд эрхтэнг хэрэглэхгүй байхад анхаарч, сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг тогтмол түгээж ажиллах нь үр дүнтэй гэж албаныхан үзэж байна. Тус дадлага сургуулилтыг Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төв зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Маргааш үргэлжлүүлэн мэргэжлийн ангиудын жагсаал, тарваган тахлын сэжигтэй тохиолдлын үеийн хариу арга хэмжээний дадлага сургуулилт болно. Мөн нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулах аж.  





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ