Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж байгаа 2023 оны дөрөвдүгээр ээлжийн ерөнхий шалгалт өнөөдөр /2023.11.22/ улс орон даяар нэгэн зэрэг эхэллээ.
Энэ удаагийн шалгалтад Ховд аймгаас 133 иргэн оролцохоор бүртгүүлсэн.
Бүртгүүлсэн иргэдийг нэг ээлжид 27 хүнтэй байхаар хуваарилж, нийт таван ээлжээр тогтоосон цагуудад шалгалтыг авах юм.
Эхний ээлж буюу энэ өглөөний 7:30 цагийн шалгалтад 27 иргэн оролцохоос 22 нь ирж, шалгалтаа өгч байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн дарга Б.Сандагсүрэн шалгалтын үйл ажиллагааг нээж, оролцогчдод амжилт хүслээ.
Шалгалтын үргэлжлэх хугацаа нийт 110 минут байх ба оролцогчид Хууль эрх зүй, Монгол хэл, бичиг, Дүн шинжилгээ хийх чадвар гэсэн гурван төрлөөр мэдлэгээ шалгуулна.
Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс шалгалтын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод нээлттэй хүргэх үүднээс аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудас, мөн цахим дэлгэцээр шууд харуулж байна.
Шалгалт хэвийн үргэлжилж байна.