
УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдрөөс /2026.04.26/ Ховд аймагт ажиллаж байна.
УИХ-ын даргын үүрэгт ажилд томилогдоод орон нутгийн анхны томилолтоо ийнхүү өөрийн төрөлх нутаг Ховд аймаг, Чандмань сумаас эхэллээ.

Албан томилолтын хүрээнд Чандмань сумын иргэдтэй уулзлаа.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүнээр таван удаа сонгогдож Хууль зүйн, Батлан хамгаалахын, зам тээврийн сайдаар болон ЗГХЭГ-ын даргаар ажиллах хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажил, санаачлан батлуулсан хууль, аймаг, сум орон нутагтаа хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Мөн УИХ-ын даргын хувьд цаашид хийж хэрэгжүүлэх ажил, анхаарах асуудлынхаа талаар танилцуулж иргэдийн саналыг сонсов.

Чандмань сум бол УИХ-ын дарга С.Бямбацогтын ээжийнх нь унаган нутаг. Аав нь энэ сум, нэгдлийн даргаар ажиллаж, Монгол Улсын 300 гаруй сумаас ажил үйлсээрээ тэргүүлсэн, шилдэг сум болгож байсан түүхтэй.
Хос хоёр Алтай, холбоо гурван нуураараа хүрээлүүлсэн төрөлх Чандмань сумын зон олон орон нутаг, иргэдийн өмнө тулгамдаж буй зарим асуудлаа УИХ-ын дарга С.Бямбацогт болон аймгийн Засаг дарга М.Амарсанаад танилцуулав.

Түүнчлэн хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах их ажилд нь амжилт хүслээ.


