Аймгийн Засаг даргын захирамжаар Т.Дэлгэрсайханыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлж Х.Батболдыг Засаг даргын орлогчоор томиллоо.
Засаг дарга Э.Болормаа:
“Өнгөрсөн жил гаруй хугацаанд гар сэтгэл нийлэн хамтран ажилласан орлогчоо ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргахад амаргүй байлаа.
Аймгийн Засаг дарга гэсэн хариуцлагатай ажилд томилогдсон цагаас хойш орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, төр, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн цаг ямагт түшиг болж ажилласанд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Энэ оны тавдугаар сард аймгийн МАН-ын хорооны ээлжит хуралдаан зохион байгуулсан. Тус хурлаас Т.Дэлгэрсайханыг намын хорооны орон тооны дэд даргаар томилох шийдвэр гаргасан нь ийнхүү бүрэн хэрэгжиж байна.
Засаг даргын орлогчийн албан тушаалд шинээр томилогдож буй Х.Батболдын хувьд багийн Засаг даргаас ажлын гараагаа эхэлж байсан. Улс төрийн болон төрийн албанд шатлан дэвших зарчмаар ажиллаж ирсэн туршлагатай.
Аймаг, орон нутгийнхаа хөгжлийн төлөө шинийг санаачилж шударга, ил тод зарчмыг баримтлан хуулийн хүрээнд ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байгаа учир энэ албан тушаалд томилох шийдвэр гаргасан” гэдгийг онцлоод цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Мөн энэ үеэр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн Үенч сумын Засаг дарга Э.Уртнасанд хүндэтгэл үзүүлж амжилт хүслээ.
Э.Уртнасангийн хувьд аймгийн Ардчилсан намын хорооны орон нутаг хариуцсан тэргүүн дэд даргаар ажиллахаар ийнхүү улс төрийн шийдвэр гаргаж сумын Засаг даргын ажлаа хүлээлгэн өгчээ.
Ажлаас чөлөөлөх, томилох, захирамж хүлээлгэн өгөх арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сандагсүрэн болон хэлтсийн дарга нар байлцав гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.