“НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөгийн хүрээнд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Баярсүх нар Дарви сумын иргэдтэй уулзалт хийлээ.
Э.Болормаа аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойш тус суманд ажлын тайлангаа танилцуулж, иргэдийн саналыг сонсох томилолтоор хоёр дахь удаагаа ийнхүү ажиллаж байна.
Энэ удаагийн уулзалтын үеэр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилтынхоо талаар мэдээлэл хийж иргэдийн саналыг сонслоо.
Э.Болормаа:Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, шударга ёсыг тогтоох, “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана.
Ялангуяа:
-Иргэн бүрд 0,07 га газар олгох,
-“ТООН ГАРЫН ҮСЭГ” олгох,
-Иргэдийг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулах ажлыг илүү эрчимжүүлнэ. Тиймээс сум, багийн Засаг дарга нарын дунд болзолт уралдаан зарлаж ажлыг нь дүгнэх нэг үзүүлэлт болгосноо онцолж иргэдийг ч идэвхтэй оролцохыг уриаллаа.
Уулзалтад оролцсон иргэд:
-Иргэдийг газар тариалан эрхлэх боломжийг бүрдүүлэх, дэмжих
-Хөшөөтийн уурхайн тоосонцрыг багасгаж хүн, малын эрүүл мэндийг хамгаалах зэрэг сум, орон нутагт тулгамдаж буй, шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлын талаар санал бодлоо илэрхийлж байв.
Уулзалтын төгсгөлд Булган, Булаг, Мөнгөн аяга багийн Засаг дарга нарт зөөврийн компьютер гардуулж анхан шатны нэгжид төрийн үйлчилгээг шуурхай, чанартай хүргэх ажилд нь амжилт хүслээ.
Дарви сум нийт 3100 орчим хүн амтай. Одоогоор 18-аас дээш насны иргэдийн 33.0 хувь нь, 0-17 насны хүүхдийн 67 хувь нь эрт илрүүлэгд хамрагджээ. Харин сумын хэмжээнд 1800 иргэн тоон гарын үсэг авах ёстой. Үүний 1500 орчим буюу 95 хувь нь хамрагдсан аймагтаа хамгийн өндөр үзүүлэлттэй байна.
“НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөгийн хүрээнд эрүүл мэнд, нийгмийн даатгал, газрын харилцаа барилга хот байгуулалт, хөдөлмөр эрхлэлт халамж, улсын бүртгэл гэсэн төрийн таван байгууллага нийт 396 иргэнд үйлчилсэн байна. Харин нарийн мэргэжлийн эмч нар нийт 398 иргэнд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийж зөвлөгөө өгч ажиллав.
Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг маргааш /2023.04.27/ Цэцэг суманд
“НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөг зохион байгуулж төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ.