Засгийн газраас Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд иргэд, олон нийтээс санал авах хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд нийтдээ ажлын зургаан хэсэг орон нутагт томилогдон ажиллаж байгаа юм. Нэгдүгээр буюу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Баасандоржоор ахлуулсан ажлын хэсэг Увс, Баян-өлгий, Ховд аймагт ажиллаж хэлэлцүүлэг зохион байгуулав.
Өчигдөр /2023.04.21/ Ховд аймгийн Нутгийн удирдлагын ордонд болсон хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Баярсүх нар болон иргэдийн төлөөлөл, оюутан залуус, төрийн албан хаагчдын төлөөлөл оролцож санал бодлоо илэрхийлэв.
Зохион байгуулагчид:
-Үндсэн хуульд заасан хүний эрхийг баталгаажуулах,
-Төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн сэргэлтийг дэмжих,
-Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа,
-Улсын их хурлын сонгуулийн тогтолцоотой холбоотой үндсэн дөрвөн асуудалд иргэдийн саналыг авч байна. Эдгээр асуудалд саналаа өгөх иргэд олон нийтийн оролцоо сайн байна гэж зохион байгуулагчид онцолж байв.
Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд иргэд, олон нийтээс санал авах ажлыг уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна цахимаар мөн бичгээр авах юм.
Хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэх үеэр ч мөн иргэд, олон нийтийн саналыг авах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.