Хүүхдийг Ивээх Сан хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийг зудад өртсөн орон нутгийн малчдын хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах зорилгоор Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн хүрээнд Завхан, Говь-Алтай, Ховд аймгийн 15 сумын малчдын хүүхдүүдэд эрүүл ахуйн багц, дотуур байруудад боловсролын багц, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, зөөлөн эдлэл, анхны тусламжийн багц өгч, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой зорилтот бүлгийн хүүхдүүдэд дулаан гутал хүргэж байна.
Ховд аймгийн Чандмань, Мөст, Дарви, Буянт, Дуут сумдад олгох тусламжийн багцуудыг өнөөдөр /2023.04.17/ сургуулийн захирал, төлөөллүүдэд гардуулан хүлээлгэн өглөө.
Эдгээр сумдын дотуур байр болон сумын төвийн айлд болон бие даан амьдардаг малчны хүүхдэд эрүүл ахуйн багц, сэтгэл зүйн анхны тусламжийн гарын авлагын хамт өгсөн юм.
Өнгөрсөн 2022-2023 оны өвөл Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд өвөлжилт хүндэрч, олон мянган мал хорогдсон байна. Зарим газар өвөл шөнөдөө -51, өдөртөө -37 хэм хүртэл хүйтэрч, малын бэлчээр, хашаа 40-50 см цасанд дарагдаж, олон мянган мал хорогджээ.
Тиймээс Хүүхдийг Ивээх Сан Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр зудад өртсөн малчин өрхийн хүүхдүүдэд зориулсан хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлсэн байна.