XVII жарны "Элдэв Эрдэнэт" хэмээх модон Могой жилийн сар шинийн босгон дээр 70 гаруй малчин “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-аар шалгарсан.
Мөст сумаас л гэхэд гурван малчин амжилтаа үнэлүүлсний нэг нь Цэцэг гол багийн малчин О.Ганзориг, Б.Ундармаа нар юм.
Аав, ээжээсээ мал маллах арга ухаанд суралцаж 1996 оноос хойш ХАА-н салбарт тасралтгүй ажилласан тэдний олон жилийн хөдөлмөр, зүтгэлийг үнэлж ийнхүү “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-аар шалгаруулан шагнав.
Аваргын шагналыг өнөөдөр /2025.02.25/ аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа гардуулж баяр хүргэлээ. Энэ үеэр сум, багийн удирдлагууд мөн баяр хүргэж хүндэтгэл үзүүлэв.
Малчин О.Ганзориг, Б.Ундармаа нар гэр бүл болохдоо 150 толгой малтай байжээ. Аав ээжээс өвлүүлсэн мал сүргээ дөрвөн төрөлд нь өсгөсөөр өдгөө 1300 толгой малтай болжээ.
Малч удамтай энэ аваргынх Цэцэг гол багийн нутаг "Шар булаг" гэх газар хаваржиж төлөө хүлээн авах бэлтгэлээ базаажээ.
Бэлчээрийн хомсдол их. Тиймээс ялангуяа мал төллөх үеэр өвс, тэжээлээ нөөцөлж бэлтгэлээ сайтар хангахад анхаардаг гэж аварга малчид ярилаа.

