
Аймгийн Засаг даргын орлогч Э.Уртнасан Үенч суманд ажиллах үеэрээ тус сумын өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээллийг сонсож, сумын өвсний фондоор орлоо.
Өвөлжилтийн бэлтгэл хангах аймгийн Засаг даргын албан даалгавар, аймгийн ХХААГ-аас өгсөн чиглэлийн дагуу тус сум нь аюулгүйн нөөцдөө 2000 пресс өвс, 25 тонн хивэг тэжээл, замын халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэхээр 50 тонн давс, айл өрх, аж ахуйн нэгжүүд 5.2 тонн өвс бэлтгэсэн байна.

Дөрвөн мянга гаруй хүн амтай Үенч сум нь хөдөө аж ахуйн 5 багтай. 2024 оны жилийн эцсээр 507 малчин өрхийн 164 мянган толгой мал тоолуулжээ.
Одоогийн байдлаар 21 малчин өрхийн 32 мянга орчим толгой мал сумын төвөөс 120 км-ийн зайд Цагаан түнгэ багийн нутаг Хавтагийн нуруунд, 5 малчин өрхийн 4 мянга орчим толгой мал сумын төвөөс 110 км-ийн зайд Их улаан даваа, Их нарийны чиглэлд отор нүүдэл хийж байна.
Сумын нийт нутгаар цасан бүрхүүлтэй. Үүнээс уулын бүсдээ 30-40 см, говийн бүсдээ 5-10 см цасан бүрхүүлтэй байна. Өвөлжилтийн нөхцөл байдал хэвийн, Үенч сумын ард иргэд, малчин өрхүүд өнтэй сайхан өвөлжиж байна.

Цаашид уулын бүсдээ цас нэмж орвол өвөлжилт хүндэрч болзошгүй. Иймээс эрсдэлийг тооцож, өвс тэжээлийн нөөцөө малчдадаа хүргэх, цаг агаарын мэдээллийг тогтмол авч, отор нүүдэл хийж буй малчин өрхүүдээ эргэж тойрч байхыг анхаарууллаа.
