“Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн”-ийг долоо хоног бүрийн Даваа гарагт тотмол хийж байх тухай Засаг даргын захирамж гарсан.
Өнөөдрийн /2024.12.23/ шуурхай зөвлөгөөний эхэнд аймгийн Засаг даргын орлогч Э.Уртнасан цаг үеийн ажлын талаар болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын II хуралдаанаар хэлэлцэн баталсан
“Хурдтай хөгжлийн зам” Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгөв.
Үргэлжлүүлэн шуурхай зөвлөгөөнд оролцогчдод Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Л.Энхбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр Засаг даргын үйл ажиллагааны үндсэн хөтөлбөрийн нийгмийн салбарын гол цөм нь “Гэр бүл төвтэй салбар дундын үйл ажиллагааны хамтын ажиллагааг сайжруулах” юм. Иймд үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд салбар дундын хамтын ажиллагааг уялдуулах томоохон дэд хөтөлбөр гаргахаар төлөвлөж байгаа. Үүнд салбарын төлөөллүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж ажиллана. Мөн салбарын ажилтан, албан хаагч, мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлж, хэлэлцүүлгээс гарсан шинэ санал санаачилгыг хөтөлбөртөө тусгана гэдгийг онцоллоо.
Түүнчлэн салбар хариуцсан орлогч даргын хувьд тодорхой хувиар гаргаж, ойрын хугацаанд салбарынхаа байгууллагуудын үйл ажиллагаа, тулгамдаж буй ажилтай нь танилцана. Та бүгд шат шатандаа хуулийг дээдэлж, нийтийн эх ашгийг нэн тэргүүнд тавьж хурдтай, манлайлалтай, шинийг санаачилж, ажиллах хэрэгтэй гэдгийг санууллаа.
Үргэлжлүүлэн Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК-иас цахилгааны үнийн нэмэгдлийн талаар Ховд аймгийн Цагдаагийн газраас өнгөрсөн долоо хоногт гарсан гэмт хэрэг зөрчлийн талаар тус тус мэдээлэл өгөв.
Мөн ЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Д.Бямбасүрэн өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар танилцууллаа. Нийт 5 үүрэг чиглэл өгөгдсөн. Үүнийг Ховд аймгийн хяналт шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сангийн аймгийн удирдлагуудаас өгсөн шуурхай үүргийн хэрэгжилтээр тооцоход шуурхай үүргийн хэрэгжилтийг тайлагнасан байдал 58,7%, удирдлагуудаас өгсөн шуурхай үүргийн биелэлт 76,3% гэж дүгнэгджээ.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Засаг даргын орлогч Э.Уртнасан байгууллагын удирдлагуудад 2024 оны ажлын сүүлийн 7 хоног учир байгууллагууд тайлан, тооцоо, төсөв санхүүгээ хугацаанд нь дуусгах, Замын халтиргаа гулгаа үүсэж буйтай холбогдуулан Ховд хот доторх засмал зам, уулзваруудад давс цацах, цас мөсийг цэвэрлэх ажлыг зохион байгуулах Шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан байгууллагууд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлэх, ажлын байранд ажлын цагаар архидан согтуурахгүй байх, баяр ёслолын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар албан хаагч нартаа анхааруулах, яриа таниулга хийж, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зэрэг чиглэлээр үүрэг даалгавар өглөө.
Өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж, тайлагнахгүй байгаа тохиолдолд тухайн байгууллагын удирдлага, албан хаагч нарт төрийн албаны хариуцлага тооцно гэдгийг анхааруулав гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.