“БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ II,III” төсөл хэрэгжиж байгаа. Төслийн байгууллагаас орон нутгийн төр захиргаа, боловсролын байгууллагатай хамтран ажиллаж хүүхэд багачуудад экологийн боловсрол олгож, байгаль эх дэлхийгээ хайрлах хамгаалах төлөвшилтэй болгох, байгалийн ухааны хичээлийг сонирхолтой зохион байгуулж, сурагчдын идэвх сонирхлыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.
Энэ ажлын хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн Орчны бүсийн сумдын ЕБС-ийн сургуульд
“Эко танхим”-ыг тохижуулж шаардлагатай сургалтын гарын авлага, багаж хэрэгслээр хангаж байгаа. Баруун болон говийн бүсийн нийт 13 аймгийн тусгай хамгаалалттай 18 газар, орчны бүсийн 75 сургууль тус бүрд 60 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.
Үүнд: Ховд аймгийн 13 сумын Ерөнхий боловсролын сургууль багтсан.Төслийн санхүүжилтээр тохижуулж буй
“ЭКО ТАНХИМ”-д найман нэр төрлийн ном гарын авлага, 33 нэр төрлийн хичээлийн багаж хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгч байна.
Үүнтэй холбогдуулан төслийн зөвлөх багийн техникийн дэд ахлах зөвлөх, доктор П.Галрагчаагаар ахлуулсан төслийн зөвлөх баг, төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд болон тус ажлын гүйцэтгэгчээр шалгарсан
“Байгаль орчны сургалт мэдээллийн төв” НҮТББ-ын багш нар сургуулийн захирал, мэргэжлийн багш нар, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийг хамруулсан сургалт зохион байгуулж байна.
11 дүгээр сарын 9,10-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж буй тус сургалтын арга хэмжээнд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа Тамгын газрын дарга Б.Сандагсүрэн нар оролцлоо.
Засаг дарга Э.Болормаа:
“ЭКО ТАНХИМ”-ын сургалт, үйл ажиллагаа зөвхөн сурагчдаар хязгаарлагдах биш тухайн сумын иргэдэд байгаль, экологийн боловсрол олгоход санаачилга гарган ажиллана гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлж амжилт хүслээ. Мөн сурагчдад байгаль экологийн боловсрол олгоход зориулж чухал хөрөнгө оруулалт хийж буй төслийн багийнханд аймгийнхаа нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлэв.