Өнөөдөр /2023.11.08/ аймгийн Онцгой комисс хуралдлаа. Гишүүдийн 95 хувийн ирцтэй хуралдсан тус хурлаар цаг үеийн болон өвөлжилтийн бэлтгэл ажил, анхаарах асуудалтай холбоотой 10 гаруй асуудлыг хэлэлцэж мэдээлэл солилцов.
Хурлаар аймгийн УЦУОШТөвөөс хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулав. Эх сурвалжийн мэдээлснээр 11 дүгээр сард олон жилийн дунджаас харьцангуй хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй. Харин 12 дугаар сар болон 2024 оны нэг, хоёрдугаар сард олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.
Иргэд, олон нийтэд цаг агаарын мэдээллийг цаг хугацаанд нь шуурхай хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллахыг зөвлөлөө.
Мөн энэ удаагийн хурлаар ХАА-н болон, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл, аймгийн аюулгүй нөөцөд өвс, тэжээл бэлтгэх ажил, томуу төст өвчний нөхцөл байдлын тухай мэдээлэл сонсож, анхаарах асуудлын талаар мэргэжлийн байгууллагуудын дарга нарт чиглэл өглөө.
Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Э.Болормаа:
Өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй. Тиймээс эрсдэлийг тооцож ХАА-н болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэлээ ч сайтар хангах, дутуу ажлаа гүйцээхэд анхаарна. Мөн шатахууны нөөц бүрдүүлэхэд төр, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллана гэдгийг онцоллоо.