“НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөгийн хүрээнд өнөөдөр /2023.04.28/ аймгийн Засаг дарга Э.Болормаа, ИТХ-ын төлөөлөгч Т.Баярсайхан, Стандартчилал, хэмжилзүйн хэлтсийн дарга Б.Гомбосүрэн нар Мөст сумын иргэдтэй уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Э.Болормаа:
Засаг даргаар томилогдсоноос хойших хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилтынхоо талаар мэдээлэл хийж иргэдийн саналыг сонслоо.
Э.Болормаа:Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, шударга ёсыг тогтоох, “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Ялангуяа:
-Иргэн бүрд 0,07 га газар олгох,
-“ТООН ГАРЫН ҮСЭГ” олгох,
-Иргэдийг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулах ажлыг илүү эрчимжүүлнэ. Тиймээс сум, багийн Засаг дарга нарын дунд болзолт уралдаан зарлаж ажлыг нь дүгнэх нэг үзүүлэлт болгосноо онцолж иргэдийг ч идэвхтэй оролцохыг уриаллаа.
Үүнээс гадна Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны талаар мэдээлэл өгч орон нутагт шударга ёс, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажил хийж эхэлснийг онцлов. Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар товч мэдээлэл өгөв.
Уулзалтад оролцсон иргэд:
-Сумын Эрүүл мэндийн төвийн тохижилтыг сайжруулах,
-Боомтын үйл ажиллагааг сайжруулж, аль болох чирэгдлийг багасгах,
-Төсөв, хөрөнгийг нь шийдвэрлэж “Ахмадын байр” барих,
-Үнийн өсөлтөд хяналт, зохицуулалт хийдэг байх,
-Орон нутгийн үйлчилгээний салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг сум, орон нутагт тулгамдаж буй, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал бодлоо илэрхийлж байлаа.
Мөст сум нийт 3100 орчим хүн амтай. Одоогоор 18-аас дээш насны иргэдийн 15.2. орчим хувь нь, 0-17 насны хүүхдийн 70.0 хувь нь эрт илрүүлэгд хамрагджээ. Харин сумын хэмжээнд 2045 иргэн тоон гарын үсэг авах ёстой. Үүний 500 орчим буюу 30.0 гаруй хувь нь хамрагдалтай байна.
Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг Ням гарагт /2023.04.30/ Үенч суманд “НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөг зохион байгуулж төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ.