ХСҮТ-ийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн баг Ховд аймагт ажиллалаа



Улсын хэмжээнд хорт хавдрын өвчлөл, үүнээс шалтгаалсан нас баралт нэмэгдэж байгаа гэсэн судалгаа бий. 2020 оны статистик мэдээллээс харахад улсын хэмжээнд шинээр бүртгэгдсэн 6000 гаруй хорт хавдрын 36 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Ховд аймагт гэхэд л 2021 онд 166 хавдрын тохиолдол шинээр оношлогдсоны дийлэнх буюу 59 нь элэгний хавдар байжээ. Хавдрын өвчлөл, нас баралт эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудын нэг болоод байгаа учраас Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр Нямдаваагийн нэрэмжит "Хавдар судлалын Үндэсний төв"-ийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Э.Тайванбаатараар ахлуулсан мэргэжлийн эмч нарын баг энэ сарн 6-7-ны өдрүүдэд ажиллаж, ажлын байрны сургалт хийлээ.



Сургалтад баруун бүсийн аймгуудын мэс засал болон хавдрын эмч нар хамрагдсан ба  хөхний хавдар болон элэг, цөс, нойр булчирхайн хавдрын мэс засал, яаралтай үеийн тусламж үйлчилгээнд анхаарах асуудлуудын талаар тэдэнд мэдээлэл өгчээ.  
 


Мөн энэ үеэр ажлын хэсэг орон нутгийн эмч нартай хамтран хяналтын 40-50 хүнд үзлэг хийж, зөвлөгөө өгсөн байна. Үүнээс гадна БОЭТ-ийн мэс заслын эмч нар орон нутагт төдийлөн хийгдээд байдаггүй элэг болон хөхний хавдрын дөрвөн мэс засал хийж, мэргэжлийн эмч нарын баг зөвлөн тусалж ажиллажээ.



Эдгээр хагалгааг хийснээр хавдрын яаралтай үеийн тусламж үйлчилгээг орон нутагтаа үзүүлэхийн зэрэгцээ хавдрын үеийн оношилгоо эмчилгээ сайжрах, мэс заслын эмч нарыг сургах давуу талтай. Цаашлаад хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн урсгалыг багасгах боломж бүрдэнэ гэдгийг талууд онцолж байлаа. 

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ