Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй
"Эрүүл мэнд үндэсний баялаг" эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний нээлтийн үйл ажиллагааг БОЭТ –ийн Дэмжих төвийн дэргэд, 16 сумын эрүүл мэндийн төв, 6 өрхийн эрүүл мэндийн төвүүд орон нутагтаа нэгэн зэрэг зохион байгуулж явууллаа.
Эрт илрүүлгийн үзлэгийн нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, ЭМГ –ын дарга Ц.Мягмарсүрэн, БОЭТ –ийн дарга П.Гэрэлсүрэн, ЗДТГ –ын ахлах мэргэжилтэн С.Дорж болон эрүүл мэндийн салбарын ажилчид оролцлоо.
Аймгийн Эрүүл мэндийн газраас шат шатны төр захиргааны байгууллагатай хамтран үзлэгт хамруулах хүн амын нарийвчилсан судалгааг гаргаж бэлтгэл ажлыг бүрэн хангажээ. Эрт илрүүлгийн үзлэг 0-5 нас, 6-17 нас, 18-30 нас, 31 -45 нас, 46 – 60 нас, 61 –ээс дээш гэсэн 6 багцын хүрээнд Ховд аймагт 82252 иргэнийг хамруулна. Ингэхдээ 0-17 насны ХҮҮХДҮҮДИЙН үзлэгийг сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд, 18 дээш насны иргэдийн үзлэг лавлагаа шатны эрүүл мэндийн байгууллагуудад хийгдэнэ. Тодруулбал, БОЭТ-ийн Эрүүл мэндийг дэмжих төв, бүх сумын Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв болон хувийн хэвшлийн зарим эмнэлгийг түшиглэн зохион байгуулна. Эмч, мэргэжилтэн, тоног төхөөрөмжийн нөөц бий гэж аймгийн Эрүүл мэндиййн газраас мэдээллээ.