Өнөөдөр /2022.02.08/ аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, аймгийн Боксын холбооны тэргүүн С.Баянмөнх нар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, тамирчин Б.Буяндалай, дасгалжуулагч багш А.Магсаржав нарыг хүлээн авч уулзлаа.
Б.Буяндалай нь Узбекстан улсын Ташкент хотноо энэ оны нэгдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд болсон U-22 Ази тивийн аварга шалгаруулах Боксын тэмцээний 60кг-ийн жинд оролцож Хүрэл медаль хүртсэн юм.
Тэрбээр 13 настайдаа аймгийн БТСГ-ын дэргэдэх
“Болор бээлий” холбоонд элсэж Боксын спортын тамирчин болох гараагаа орон нутгаасаа эхэлжээ. Багш, дасгалжуулагч А.Магсаржавын удирдлагад тууштай хичээллэсний үр дүнд ийнхүү амжилт гаргаж байна.
Өмнө нь улс, ази тив, олон улсын аварга шалгаруулах хэд хэдэн томоохон тэмцээнд амжилттай оролцож байжээ. Тодруулбал,
-“Олимпын гараа” өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр удаагийн аварга,
-Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс Мөнгөн медаль,
-Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль,
-Олон улсын АБ зэрэглэлийн тэмцээнд 10 гаруй удаа оролцож оролцох бүрдээ медаль хүртэж байсан,
-2017 онд Тайландын Бангкок хотноо зохион байгуулсан Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Хүрэл медаль хүртсэн зэрэг амжилтыг гаргасан байна.
Өсөх ирээдүйтэй тамирчин Б.Буяндалайд
"Спортын аварга" дэд хөтөлбөрөөс 5,0 сая төгрөгийн, дасгалжуулагч багшид 2,5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр
"БАТЛАМЖ" гардууллаа.
Б.Буяндалай нь 2017 онд Жаргалант сумын 12 жилийн III дунд сургуулийг, 2021 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг Боксын багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн байна.