Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан
“ТЭРБУМ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН”-нд Ховд аймаг нэгдэж 20,0 сая мод тарихаар гэрээ байгуулсан. Жилд ойролцоогоор 2,0 сая мод тарьж 10 жилийн хугацаанд 20,0 саяд хүргэнэ гэсэн зорилт тавьж өнөөдөр /2022.01.28/ аймгийн зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн удирдлагууд сумдын Засаг дарга, Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН, байгууллагын төлөөлөл оролцов.
Ховд аймаг жилд дунджаар 40-50 мянган мод тарьдаг. Цаг агаар, усжилт, арчилгаанаас хамаараад 80-аас дээш хувь нь ургадаг гэсэн судалгаа бий. Тэгвэл дээрх ажлын хүрээнд 2024 он хүртэл бүх сумдад мод үржүүлгийн 1-2 га талбай байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн энэ онд 700 гаруй сая төгрөг төсөвлөж жилд 2,0 сая мод тарихаар төлөвлөжээ.
Мод тарина гэдэг нэг хэрэг, тарьсан модоо арчилж, ургуулах нь хамгийн чухал асуудал. Иймээс аймаг болон сумдын тариалалтын талбайг бэлтгэх, гар ажиллагааг багасгаж технологийг сайжруулах, Эдийн засгийн үр өгөөжтэй жимс жимсгэний модны тариалалтыг нэмэгдүүлэх, мөн ойжуулалтын чиглэлээр боловсон хүчнийг бэлтгэх тал дээр илүү анхаарах шаардлагатайг албаныхан онцоллоо. Ховд аймгийн тухайд 7 сая 600 мянган га талбайтай, 812 мянган га ойн сан бүхий газартай, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 85 аж ахуй нэгж бий. Мөн 8 услалтын системтэй юм. Иймд одоо байгаа нөөц бололцоогоо нэмэгдүүлж, цөлжилтөд өртсөн газруудад мод тарьж ногоон байгууламжтай болохын тулд хүн бүр
“ТЭРБУМ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН”-нд идэвхтэй оролцохыг уриаллаа.