Аймаг, сумдаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан байнгын хяналтын 28 постод Ховд аймаг дахь Цагдаагийн газраас 50 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Мөн хөдөлгөөнт хоёр авто машинтай дөрвөн алба хаагч 24 цагаар, өдөр оройн эргүүлд долоон чиглэлд 14 алба хаагч тус тус үүрэг гүйцэтгэж буй.
Аймгийн Засаг даргын А/695 дугаар захирамжаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглосон хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цагаас 12 дугаар сарын 01-ний өдрийн 08:00 цаг хүртэл сунгасан. Гэхдээ орон нутагт согтуугаар үйлдэгдсэн зөрчил таслан зогсоогдохгүй байна гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.
Энэ хугацаанд гэмт хэрэг, зөрчлийн 54 дуудлага мэдээлэл ирүүлсэн. Үүнээс гэмт хэрэг 13, зөрчлийн шинжтэй 41 дуудлага бүртгэгджээ. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон долоо, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон хоёр зөрчил тус тус илрүүлсэн аж. Бүртгэгдсэн нийт гомдол мэдээллийн 39 буюу 72.2 хувь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнтэй холбоотой байна. Улмаар аймгийн Засаг даргын захирамж зөрчсөн хоёр аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.
Мөн хулгайн замаар зорьчсон найман зөрчлийг илрүүлж, 1.200.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан аж. Энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос хүнсний зүйл тээвэрлэж явсан автобусанд нууцаар 9 хүн тээвэрлэж, Ховд аймгийн чиглэлд ирж байсныг саатуулан цагдаагийн хяналтад авчээ. Улмаар Жаргалант сумын “Цагаан-Уул” сувиллын газарт тусгаарлан, мэргэжлийн байгууллагаас холбогдох шинжилгээ авч, хариу “сөрөг” гарсан тул гэрийн ажиглалтад шилжүүлээд байна.
Аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад 63 иргэн байгаа бөгөөд үүнээс нэг иргэн “Гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн хяналтыг зохицуулах түр журам”-ыг зөрчиж, төрсөн өдрийн баяр тэмдэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэжээ. Ийнхүү хүмүүс цуглуулсан үйлдлийг таслан зогсоож, холбогдох зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулж байна.
Мөн хөл хорионы дэглэмийг сахиулах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөх, холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Жаргалант сумын 12 багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн төлөөлөл, цагдаагийн алба хаагчид хамтран тусгай хуваарийн дагуу олон нийтийн эргүүл хийж байгаа юм.
Зөрчлийн тухай хуульд “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, саад учруулсан бол хүнийг таван 500 мянган төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг талаар Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.