Коронавирусний халдвартай тэмцэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хамт олон долоон ажлын хэсэг томилжээ. Улмаар энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 24 цагаар ажиллаж, үйлчилгээний байгууллагуудад хяналт шалгалт хийж байна. Одоогийн байдлаар зах худалдааны төв, хүнсний дэлгүүр, бар, караоке, хоол үйлдвэрлэл, банк санхүү, дэд бүтэц, эрүүл мэндийн салбар байгууллага зэрэг нийт 350 аж ахуйн нэгж, иргэнд аймгийн Засаг даргын захирамжийн дагуу үйл ажиллагаа түр зогсоох, цагийн хязгаарлалтыг мөрдөх мэдэгдэл хүргэжээ. Мөн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зөвлөмж өгч ажилласан гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас энэ оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Шуурхай хурал” зохион байгуулж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цаашид хэрэгжүүлэх ажлыг төлөвлөсөн юм.
Энэ үеэр Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга П.Эрдэнэчулуун хэлэхдээ: “Бид өнгөрсөн хугацаанд зөвлөх, сэрэмжлүүлэх, анхааруулах хэлбэрээр ажилласан. Харин энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөмж, мэдэгдлийн дагуу гүйцэтгэлийн хяналт шалгалт хийнэ. Улмаар зөрчлөө арилгаагүй, халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй, амны хаалтгүй, цагийн хязгаарлалт, үйл ажиллагаа түр зогсоох захирамжийг биелүүлээгүй аж ахуйн нэгж, иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцох болно” гэв. Мөн тус байгууллагын улсын байцаагч нарт зөрчлийг түргэн шуурхай арилгуулах замаар иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг ханган ажиллахыг үүрэг болголоо.