"Ховд-Эко цемент"-ийн үйлдвэрийн хамт олон "УРИАЛГА" гаргаж 10,0 сая төгрөг хандивлажээ



Дэлхий нийтээр тархаад байгаа "Ковид-19" цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах, таслан зогсоох хариуцлагатай ажилд Онцгой, цагдаа, эмч, эмнэлэгийн ажилчид гээд мэргэжлийн байгууллагын олон мянган ажилтан, алба хаагчид чиг үүргийнхээ дагуу цаг наргүй ажиллаж байна. Ийм хүнд цаг үед халдварын голомтод ажиллаж буй алба хаагчдад сэтгэлийн дэм өгөх, улс орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулж буй байгууллага, аж ахуйн нэгж, компани, иргэд цөөнгүй байна. Тэдний нэг нь Ховд-Эко цементийн үйлдвэрийн хамт олон юм. Тэд "УРИАЛГА" гаргаж мөнгөн хандив өргөсөн байна. Уриалгад:

"Дэлхий дахинд нүүрлэсэн цар тахлын аюул манай улсад ч бодитоор заналхийлж байна.

Монгол Улсад коронавирусын халдварын дотоодод гарсан анхны тохиолдол бүртгэгдэж, Улаанбаатар хотод хатуу хөл хорионы дэглэм тогтоод байна.

Цар тахлын улмаас эдийн засаг агшиж, иргэдийн амьдралд ч хүндрэл учирч эхэллээ.
Коронавирусын аюул хаяанд ирж, COVID-19-ын эрсдэл хаалга тогшсон энэ эгзэгтэй хүнд үед манай Ховд Эко цементийн үйлдвэр нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хэрэгтэй хүн, хэрэгцээтэй газарт нь бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 10 000 000 /арван сая/ төгрөгийг Ховд аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгч бие биесээ гэх халуун сэтгэлийн далайд нэгэн цутгал нэмж байна.

Энэ бол Ховд эко цементийн үйлдвэрийн удирдлага хамт олон, 500 орчим инженер, техникийн болон эгэл ажилчид бидний Ховдчуудаа гэсэн чин сэтгэлийн өглөг юм шүү.

Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэдэг үгийн утгыг санаж, сайн санаа, сайхан сэтгэлийн үүднээс эхлүүлж буй бидний энэ санаачилгыг төрсөн нутаг, төрөлх Ховдчуудаа гэсэн байгууллага, аж ахуйн нэгж, хүн зон маань түрэн дэмжиж, өглөг хандивын өгөөмөр гараа сунгахыг Та бүхэндээ хандан уриалж байна" гэжээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ