Өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдав



Аймгийн Онцгой комисс гуравдугаар сарын 04-ний өдөр хуралдаж,  "COVID-19” халдварын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хооронд болон орон нутгийн авто замын хөдөлгөөнийг нээсэн. Үүнтэй холбогдуулан энэ удаагийн хурлаар Ховд аймгийн төвөөс Улаанбаатар хот, сумдын чиглэлд авто замын зорчих хөдөлгөөний урсгал ямар түвшинд байгаа талаар цаг үеийн мэдээлэл солилцов. Улмаар аймгийн хэмжээнд авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор байгуулсан байнгын болон түр постын үйл ажиллагааг гуравдугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд эрчимжүүлэн хяналт тавьж ажиллахаар боллоо.



Мөн “COVID-19” халдварын болзошгүй эрсдэлийн үед ашиглах зорилгоор “Цагаан-Уул” амралтын газрыг тусгаарлах байрны зориулалтаар бэлтгэхээр болсон. Төрийн ба хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал, сургуулийн дотуур байр, спорт заал зэрэг барилга байгууламжийг шаардлагатай тохиолдолд ашиглах зорилгоор бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллахаар шийдвэрлэв.



Түүнчлэн аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шашны хурал цуглаан болон аварга малчин, тариаланчдын шагнал гардуулах үйл ажиллагааг түр хугацаанд зохион байгуулахыг хориглов.  Энэ оны 03 дугаар сарын 15 ны өдөр нүүрс тээвэрлэлт эхлэхтэй холбогдуулан “МоЭнКо” ХХК-ийн зүгээс Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэлт хийж буй жолооч нарыг “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах зорилгоор эмнэлгийн хамгаалах хэрэгслийн нөөц бүрдүүлж, бэлтгэл хангажээ. Үүнтэй холбогдуулан бэлтгэл, бэлэн байдалд хяналт тавих, үнэлгээ хийх  8-9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж ажиллахаар төлөвлөж байна. 



Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд буюу 50 метр газарт цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл хийх, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах чиглэлд анхаарч ажиллахаар боллоо. Мөн “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нэлээд хандив олгож байгаа. Эдгээр хандивийн тоо хэмжээг нэгтгэн гаргаж, улсын болон аймгийн Онцгой комисст танилцуулахаар болсон юм. 

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ