“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Жаргалант сумын ЗДТГ, аймгийн ГБХЗХГ, Хөгжимт драмын театр, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, “Мянган угалзат” ОНӨҮГ зэрэг байгууллагууд хамтран "Хүүхэд гэр бүлдээ жаргалтай" уриан дор эх үрсийн баярын нэгдсэн арга хэмжээг аймгийн төв талбайд зохион байгууллаа.
Монгол улсын “Хүүхдийн эрхийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн төлөвшил хүмүүжлийн чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, улмаар гэр бүлийн хөгжил, хамтын оролцоог дэмжихэд энэхүү арга хэмжээний зорилго чиглэж байв.
Тус арга хэмжээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон бусад удирдах ажилтнууд оролцлоо. Тэд Монголынхоо гэрэлт ирээдүй болсон алдрай бяцхан үрсдээ "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн баярын мэндчилгээ дэвшүүлж, төр засаг болон аймаг орон нутгийн зүгээс хүүхэд багачуудын хөгжил, боловсрол, хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажил, бодлого шийдвэр, цаашдын зорилтын талаар танилцуулсан юм.
Энэ үеэр Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулиудын шилдэг тэргүүний сурагчдын амжилт ололтыг олон нийтэд танилцуулан сурталчлах зорилго бүхий “Баярын жагсаал” боллоо. Мөн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид хүүхэд багачуудад зориулсан урлагийн тоглолтоо үзэгчдийн хүртээл болгов. Эх үрсийн баярын нэгдсэн арга хэмжээний үeэр Таеквондогийн “Сүлд алдар” клубын тамирчдын үзүүлэх тоглолт, хүүхэд хамгаалал, гэр бүлийн хөгжлийг дэмжих чиг үүрэг бүхий 8-9 байгууллагын өртөөчилсөн үйл ажиллагаа явууллаа.
Гэрэл зургийг Х.Есенкельд