Эрүүл мэндийн яамнаас “Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжил-2030” салбар дундын үндэсний чуулганыг угтаж “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” сэдэвт өдөрлөгийг улс орон даяар зохион байгуулж байна. Энэ хүрээнд Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” уриан дор нэгдэж, байгууллагынхаа ойролцоох авто зам болон төв зам дагуу жагсаж, иргэд, хүүхэд багачуудад зориулан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх уриалга, зөвлөмж, анхааруулга хүргэлээ.
Тус өдөрлөгт Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, 5 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл 180 орчим хүн оролцсон бөгөөд зам тээврийн осол, гэмтлийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 300 орчим сурталчилгааны материалыг иргэд, жолооч нарт тараан ажилласан байна.
Ховд аймгийн хэмжээнд өнгөрсөн онд зам тээврийн ослоор 166 өвчлөлийн тохиолдол эмнэлэгт бүртгэгдэж, 0-15 насны 1 хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алджээ. Тиймээс жолоочийн дүрэм зөрчсөн үйлдэл хүнд ямар аюул учруулж, замын хөдөлгөөний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлдөг болохыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулж, тэдэнд замын хөдөлгөөний сахилга, соёл, зөв дадлыг хэвшүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зам тээврийн шалтгаант осол, гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад эрүүл мэндийн салбарын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулснаараа онцлог байлаа.
Ховд аймгийн эрүүл мэндийн салбарынхан явган зорчигч, жолооч бусад хөдөлгөөнд оролцогчдыг замын хөдөлгөөндөө дүрмээ баримталж, соёлтойгоор оролцохыг уриалж байна.