ЭМЯ-ны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС хамтран эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах зорилгоор
“Эмнэлгийн эмч, мэргэжилтний ёс зүй” сэдэвт сургалтыг энэ сарыг 6-8-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад Ховд аймгийн эрүүл мэндийн салбар байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл 400 гаруй хүн хамрагджээ.
Сургалтын чиглүүлэгчээр ЭМЯ-ны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дарга, гишүүд, АШУҮИС-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг ажилласан бөгөөд анагаах ухааны суурь боловсрол дахь ёс зүйн тулгуур ойлголт, ёс зүйн алдаа дутагдлаас сэргийлэх зарчим, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, үйлчлүүлэгчид таагүй мэдээ хүргэх менежмент, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, өнөөгийн байдал, харилцааны ур чадварын талаар мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлын тухай санал солилцов.
Энэ үеэр эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийг дуусгах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ёс зүйн боловсролыг тасралтгүй олгох, эрүүл мэндийн цахим хуудсыг тогтмол ажиллуулах, ёс зүйн алдаа, тохиолдлыг бүртгэх зэргийг салбар байгууллагуудын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж салбарын мэргэжилтнүүд онцоллоо. Эмнэлгийн эмч, мэргэжилтний ёс зүйн сургалт нь хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх замаар салбарын үйл ажиллагаа, тогтолцоонд ёс зүйн шинэчлэл хийх боломж бүрдүүлснээрээ онцлог байв.