Аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан "Орос хэл, Соёлын бүсийн арга хэмжээ"-ний төлөөлөгчидтэй уулзлаа



Аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан өнөөдөр Монгол-Оросын хамтын ажиллагааны найрамдлын сарын хүрээнд зохион байгуулах “Орос хэл, соёлын бүсийн арга хэмжээ”-нд оролцохоор хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчидтэй уулзалт хийлээ. Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Татьяна Чагдуровна Будаева, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд тэргүүн, ШУТИС-ын доктор, профессор Б.Энхбат, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн ахлах референт-орчуулагч Владимир Сергеевич Зимирев, ОХУ-ын Алтайн Техникийн их сургуулийн захирал Михалл Шишин болон ОХУ-ын Барнаул хотын Алтайн их сургуулийн багш нарын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр Монгол-Оросын хамтын ажиллагааны давуу тал, “Орос хэл, соёлын бүсийн арга хэмжээ”-ний зохион байгуулалт, төлөвлөгөө, орон нутагт Орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэхийн ач холбогдол, боломжуудын талаар ярилцаж, талууд харилцан санал солилцов.



Монгол-Оросын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор орос хэл, оросын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Орос хэл, соёлын бүсийн арга хэмжээ”-ний нээлт 11 дүгээр сарын 03-ны өдөр ерөнхий боловсролын Хоёрдугаар сургууль дээр зохион байгуулагдаж, 12 дугаар ангийн сурагчдын дунд явуулах “Орос хэлний олимпиад”, “Шилдэг багш” уралдаан, “Орос дуу, шүлгийн уралдаан” зэргээр үргэлжилнэ.

Энэхүү арга хэмжээнд Ховд аймгаас төгсөх ангийн шилдэг 8 сурагч, 4 орос хэлний багш, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймаг тус бүрээс 3-4 сурагч, 2 орос хэлний багш оролцохоор төлөвлөж байна. “Орос хэлний олимпиад”, уралдаанд шалгарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад ОХУ-ын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах эрх бүхий “Гэрчилгээ”, “Шилдэг багш” уралдаанд шалгарсан багш нарыг ОХУ-ын мэргэжил дээшлүүлэх курст үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр тус тус шагнаж урамшуулах юм. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ