Монголын Энх тайван, найрамдлын байгууллагын 60 жилийн ой, Монгол- Оросын хамтын ажиллагааны найрамдлын сарын хүрээнд
“Орос хэл, соёлын бүсийн арга хэмжээ”-г энэ оны 11 дүгээр сарын 02-04-ний өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулна.
Монгол-Оросын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор орос хэл, оросын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой тус арга хэмжээг ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ, Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын Эвлэл, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар хамтран зохион байгуулах юм.
Уг цогцолбор арга хэмжээний үеэр “Орос хэлний олимпиад”, “Шилдэг багш” уралдаан, “Орос дуу, шүлгийн уралдаан”, “ОХУ-д сургууль төгсөгчид, орос хэлний багш нарын уулзалт”, "Найрамдлын цуглаан", олимпиад, уралдааны шагнал гардуулах ёслол зэргийг зохион байгуулах бөгөөд Ховд аймгаас төгсөх ангийн шилдэг 8 сурагч, 4 орос хэлний багш, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймаг тус бүрээс 3-4 сурагч, 2 орос хэлний багш оролцохоор төлөвлөж байна.
“Орос хэлний олимпиад”, уралдаанд шалгарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад ОХУ-ын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах эрх, уралдаанд шалгарсан багш нарыг ОХУ-д мэргэжил дээшлүүлэх курст үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр тус тус шагнаж урамшуулах аж.