Аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл энэ оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дарви суманд хуралдлаа. Тус хуралд Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга М.Дондогдорж, мэргэжилтэн Б.Намхайноров, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн албаны дарга Г.Бат-Өлзий, Дарви сумын Засаг даргын орлогч Б.Энхболд болон орон тооны бус зөвлөлийн гишүүд оролцсон юм. Хурлын хүрээнд Аймаг дундын отрын бүс нутагт зохион байгуулалтын чиглэлээр хийж буй ажил, Баяннурууны аймаг дундын отрын бүсийн бэлчээрийн өнөөгийн төлөв байдал, Ховд аймгийн бэлчээрийн төлөв байдал болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Мөн Аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах тухай, 2018-2019 онд Баяннурууны аймаг дундын отрын бүс нутагт өвөлжих, хаваржих өрх, малын тоог тогтоох, бэлчээрийг усжуулах, хуваарилах, мал оруулах, гаргах болон отрын бэлчээрийн ашиглалттай холбоотой асуудлуудын талаар санал солилцож, шийдвэрлэв.
Хурлын үр дүнд оролцогчид Баяннурууны аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглах хугацааг 11 дүгээр сарын 1-нээс дараа оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 150 хоногоос хэтрэхгүй байхад санал нэгдэж, Дарви сумын 16 малчин өрхийн 17 мянга орчим толгой мал отроор өвөлжихөөр байна гэж үзлээ. Мөн Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудын бэлчээрийн төлөв байдалд нарийвчилсан үнэлгээ хийх, үнэлгээг хийхэд сансрын мэдээллийн зураглал ашиглах, дээрх судалгаанд үндэслэн отрын нөөц бэлчээрийн ашиглалтийн төлөвлөлтийн загварчлалыг гаргах, шинээр отрын нөөц бэлчээрийг бий болгох чиглэлээр судалгаа хийх, отрын бүс нутгууд дахь ургамлын төрөл зүйлийг хамгаалах, туршилт судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэх, бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах талаар малчдын мэдлэгийг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг үе шаттайгаар зохион байгуулах зэрэг саналуудыг уламжилсан юм.
Н.Лхагва