Аймгийн Ус дамжуулах системийн толгой байгууламжийг сэргээн засварлана

Image may contain: cloud, sky, outdoor, nature and water

Ховд аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүний эрүүл мэнд, амьдрах таатай орчныг бүрдүүлэх, аймгийн гудамж, талбайн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 2018 онд хийгдэх ажлын төлөвлөгөөний дагуу Бугат үзүүр дахь Ховд аймгийн Ус дамжуулах системийн толгой байгууламжийг сэргээн засварлах ажлыг эхлүүлэхээр боллоо. Уг ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх тэргүүтэй холбогдох удирдлага, мэргэжилтнүүд Бугат үзүүр дахь Ус дамжуулах системийн толгой байгууламжтай газар дээр нь очиж танилцсан юм.

Image may contain: 4 people, people standing and outdoor

Аймгийн Ус дамжуулах системийн толгой байгууламж нь 1997 онд ашиглалтанд орсноор 20 орчим жил болж байна. Энэ хугацаанд 100 орчим га талбайд мод, жимс жимсгэнэ тарьжээ. Өнөөдрийн байдлаар аймгийн Ус дамжуулах системийн толгой барилга байгууламж үндсэндээ устсан байна.

Image may contain: sky, cloud, outdoor, nature and water


Тиймээс Ховд аймгийн Ус дамжуулах системийн толгой байгууламжийг сэргээн засварлах ажлын шинэ зураг төслийг Ус, барилгын геодезчин Н.Балсан хийж гүйцэтгэхээр боллоо. Тэрээр аймгийн Ус дамжуулах системийн толгой байгууламжийн анхны зураг төслийг гаргасан туршлагатай инженер юм. Ус, барилгын геодезчин Н.Балсан хэлэхдээ, “Услалтын системийг байгуулахад голын усыг таслан авдаг. Энэ үед голын ус үерлэх эрсдэлтэй. Тиймээс усны үерийг тэсэж гарах хэмжээний байгууламж, далан хийгдэх учиртай. Тухайлбал, турбо ашиглаж голоос ус авах, эсвэл Диопрагммын арга буюу хөндлөн бетонон хаалт цутгах боломжтой. Бетонон хаалт нь тодорхой хэмжээний нүхтэй. Тухайн нүхээр усаа дамжуулах зарчмаар ажиллана гэсэн үг. Бидний хувьд үерийн усанд тэсвэртэй бөгөөд 1 секунтанд 400 литр ус хуримтлуулж, дамжуулах хүчин чадалтай, чулуун доторлогоо бүхий шороон далан хийхээр төлөвлөж байна“ гэв.

Image may contain: 1 person, standing, sky, child, outdoor and nature

Ус дамжуулах системийн толгой байгууламжийг сэргээн засварласнаар Ховд аймгийн цэцэрлэгжүүлэлт, ойжуулалт, гудамж, талбайн тохижилт болон мод тарих ажлын үр дүн сайжрах, усалгаа тогтмол явагдах, улмаар Ногоон хот болж хөгжих ач холбогдолтой болохыг мэргэжилтнүүд онцлон хэллээ.

Image may contain: sky, outdoor and nature


Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ